Британийн парламент өчигдөр “брексит”-ын асуудлыг дахин хэлэлцэж, ямар нэг шийдэлд хүрч чадалгүйгээр ерөнхий сайд Тереза Мэйд Их британи улс европын холбооноос гарах асуудлаар шинэ гэрээ хийхийг үүрэг болголоо. Гэтэл Европын холбоо болохоор тохиролцоог дахин хэлэлцэх, шинэчлэх боломжгүй гэж мэдэгдэж байгаа.
Британийн парламент Тереза Мэйн засгийн газраас өмнө нь боловсруулсан, Европын холбоотой ярилцаж тохирсон гэрээг хүлээн авахаас татгалзаж, 29-ний өдөр шинэ хувилбарыг дахин хэлэлцэхээр болсон билээ. Ингээд өчигдрийн хуралдаанаар парламент европын холбооноос гарахтай холбоотой 7 нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж, зөвхөн 1-ийг нь л хүлээн авсан. Гишүүд Тереза Мэйд Ирланд болон Умард Ирландын асуудлаар европын холбоотой дахин тохиролц гэдгийг үүрэг болгож байна. Энд Умард ирланд Европын холбооны гаалийн холбоонд хэвээр үлдэх ийм зүйл яригдаж байгаа бөгөөд энэ нь Лондонгийн олон улс төрчдийн сэтгэлд нийцэхгүй байна, энэ асуудлаас болж гишүүд 15-ны өдөр олонхийн саналаар европоос гарах гэрээний төслийг буцаасан. Гэтэл европын холбооны төлөөлөгчид болохоор Британийн засгийн газраас орж ирэх аливаа нэмэлт саналыг хүлээн авах боломжгүй, гэрээний талаарх яриа хэлэлцээг сэргээх бодолгүй байна гэдгээ нэг бус удаа мэдэгдээд байна. “Нөөц хувилбар гээд байгаа нь брексит-ын тохиролцооны нэг хэсэг, иймээс гарах гэрээг дахин хэлэлцэх боломжгүй, энэ асуудал аль хэдийнээ хаагдсан” гэж европын зөвлөлийн дарга Дональд Туск мэдэгдсэн. Британийн парламент хоёр долоо хоногийн дараа европын холбооноос гарах гэрээг дахин хэлэлцэхээр болсон, хэрвээ Тереза Мэй энэ хугацаанд европын холбоотой шинэ гэрээний асуудлаар ямар нэг тохиролцоонд хүрэхгүй бол Их британи улс европын холбооноос ямар нэг тохиролцоогүй, гэрээгүй гарна гэсэн үг юм. Энэ нь Их британи улсад ашиггүй.
Тереза Мэйн засгийн газрын ганц найдлага бол нэг бол европын холбоо зөөлөрнө, эсвэл парламентын зарим гишүүд байр сууриа өөрчлөнө. Тэгэх зуур Их британи улс европын холбооноос гарахад хоёрхон сар үлдээд байна, Их британи улс Гринвичийн цагаар 3-р сарын 29-ний өдрийн 23 цагт европын холбоог албан ёсоор орхино.
| Британийн парламент Тереза Мэйг дахин Брюссельтэй тохиролц гэлээ | ||
| Үзсэн: 659 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.