Венесуэл улсад сүүлийн 3 долоо хоногт 4 дэх нь болох сөрөг хүчний эсэргүүцлийн жагсаал цуглаан болж өнгөрлөө. Нийслэл Каракас хотод сөрөг хүчнийг дэмжигчид болон өнөөгийн эрх баригчдыг дэмжигчид гудамж талбайд гарч жагслаа. Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо, улс оронд чөлөөт, шударга сонгууль явуулах хүртэл эсэргүүцэл үргэлжилсээр байх болно гэдгийг дахин мэдэгдлээ.
Улс төрч үг хэлэх явцдаа улс оронд хилийн чанадаас ирсэн хүмүүнлэгийн тусламжийг нэвтрүүлэх хэрэгтэй гэдэгт анхаарал хандуулсан байна. Гуайдо энд хэлсэн үгэндээ, “Хоёрдугаар сарын 23-ны өдөр Венесуэлд хүмүүнлэгийн тусламж нийлүүлэх өдөр байна. Эрх баригчид бидэнд саад хийхийг завдах байх. Гэхдээ бид одоо урьд өмнө байгаагүйгээр эв нэгдэлтэй байна” гэлээ.
Мөн түүний хэлснээр, 250-иад мянган хүн гадаадын тусламжийн барааг хуваарилах, хүргэхээр сайн дурын ажилтнаар бүртгүүлснийг онцоллоо. Ерөнхийлөгч Николас Мадуро ч гэсэн өөрийгөө дэмжигчдэд хандаж үг хэллээ. Ерөнхийлөгч Венесуэлийн ард иргэдэд залуучуудын баярын мэнд дэвшүүлж, залуучуудын байгууллагын зарим нэг төлөөлөгчдийг сурлага, спорт, олон нийтийн үйл ажиллагаанд амжилт гаргасанд нь шагнасан байна. Ингэхийн зэрэгцээ тэрбээр аль болох сүр дуулиантай, тэмцэлд уриалсан үг хэлэхээс татгалзаж, залуучуудад хандаж, 1814 онд тусгаар тогтнолын төлөөх дайны үеэр Каракас хотыг Испанийн цэргээс хамгаалж байсан үе тэнгийнхнийхээ баатарлаг гавьяаг санаж, улс орны олон нийтийн амьдралд идэвхтэй оролцохыг уриалсан байна. Сөрөг хүчин болон эрх баригчдыг дэмжигчдийн жагсаал тайван болж өнгөрлөө, Хуан Гуайдо дэмжигчдийнхээ өмнө үг хэлсний дараа жагсаалд оролцогчид тарж явцгаалаа.
Венесуэлийн засгийн газар болон сөрөг хүчин Каракас хотод дэмжигчдээ гудамжинд гаргаж жагсаал цуглаан зохион байгуулж байх хойгуур Венесуэлийн гадаад хэргийн сайд Хорхе Арреаса Нью-Йорк хотод зарим нэг улс орны төлөөлөгчидтэй уулзсан байна. Тэрбээр энэ 7 хоногт НҮБ-д суугаа ОХУ-ын байнгын төлөөлөгч Василий Небензя, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриштэй уулзжээ.
Сайд энэ үеэр хэлсэн үгэндээ, “бид сөрөг хүчинтэй Каракаст ч, Монтевидеод ч, Мексикт ч, Бээжинд ч, ер нь хаана ч гэсэн уулзаж, яриа хэлэлцээний ширээний ард суухад бэлэн байна, бид бүгд Венесуэльчүүд учраас бид яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна, 15 минутын дараа ч, 15 хоногийн дараа ч хэзээ ч хамаагүй уулзахад бэлэн” гэдгийг мэдэгдсэн. Мөн өнгөрсөн Мягмар гарагт ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео нар утсаар ярьж, Венесуэлд бий болсон байдлыг хэлэлцлээ.
| Венесуэлд сөрөг хүчний эсэргүүцэл тайван байдалд болж өнгөрлөө | ||
| Үзсэн: 798 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.