БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жон Ун энэ сарын 25-ны өдөр Вьетнамд очихоор болжээ. Тэрбээр хоёрдугаар сарын 27-28-нд Ханой хотноо АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзах юм.
Ким Жон Уны Вьетнамд хийх айлчлал гурав хоног үргэлжлэх юм байна. Умардын удирдагч Вьетнамын Коммунист намын төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, тус улсын Ерөнхийлөгч Нгуен Фу Чонгтой уулзахаас гадна Вьетнамын хойд хэсэгт орших хөдөө аж ахуйн болон аж үйлдвэрийн салбарын хэд хэдэн байгууллагаар орохоор төлөвлөжээ.
БНАСАУ-ын удирдагчийн Вьетнамд хийж байгаа энэ айлчлал сүүлийн 55 жилд Умардын удирдагчийн тус улсад хийж байгаа анхны айлчлал юм байна. Үүний өмнө Ким Жон Уны өвөг эцэг Ким Ир Сен Бүгд найрамдах ардчилсан Вьетнам улсын анхны Ерөнхийлөгч Хо Ши Миний урилгаар тус улсад очиж байжээ.
Ким Жон Ун Бакнинь муж дахь аж үйлдвэрлэлийн парк, мөн аж үйлдвэрийн томоохон хотын нэг Хайфон хотод зочлох юм байна. Дараа нь буюу энэ сарын 27-28-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзаж, яриа хэлэлцээ хийнэ. Хоёр удирдагчийн анхны түүхэн уулзалт өнгөрсөн оны зургаадугаар сарын 12-ны өдөр Сингапурт болсон.
Уулзалтын дүнд Дональд Трамп, Ким Жон Ун нар хамтарсан мэдэгдэл дор гарын үсэг зурж, Пхеньян цөмийн зэвсгээс ангижрахад бэлэн гэдгээ илэрхийлсэн бол АНУ хариуд нь БНАСАУ-д аюулгүй байдлын баталгаа өгөхөөр амласан.
Хоёр удирдагчийн энэ удаагийн уулзалт өмнөхийг бодвол илүү их үр дүнд хүрнэ гэсэн хүлээлт бий болоод байна. Вьетнамын Гадаад яам Солонгосын хойгт энх тайван тогтооход чиглэсэн уулзалтыг зохион явуулахыг дэмжиж байгаагаа илэрхийлж, дээд хэмжээний уулзалт амжилттай болох тал дээр хүч чармайлт тавихад бэлэн гэдгээ мэдэгдсэн.
| Ким Жон Ун энэ сарын 25-нд Вьетнамд очно | ||
| Үзсэн: 1020 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.