Калифорни болон өөр 15 мужийн эрх баригчид улс орны өмнөд хил дээр онц байдал тогтоох ерөнхийлөгч Трампын шийдвэрийг эсэргүүцэж Калифорни мужийн шүүхэд гомдол мэдүүлээд байна. “Уолл стрийт жорнэл” сонин Калифорни мужийн прокурорын газар дахь эх сурвалждаа тулгуурлан энэ тухай мэдээлж байна.
Америкийн ерөнхийлөгч, Батлан хамгаалах яам, Сангийн яам, Дотоод аюулгүй байдлын яамыг гомдолд хариуцагчаар нэрлэжээ. Гомдол гаргагчид онц байдал тогтоох төрийн тэргүүний шийдвэрт түр хориг тавихыг шүүхээс шаардаж байна. Өөрөөр хэлбэл энэ 16 муж улсын эрх баригчид ерөнхийлөгч Трамп АНУ-ын Мексиктэй залгаа хил дагуу хана барих ажилд Конгрессийн зөвшөөрөлгүй хөрөнгө мөнгө зарахыг эсэргүүцэж байна. Мөн хэрэглэгчдийн эрхийг хамгаалдаг “Паблик ситизэн” байгууллага өнгөрсөн баасан гарагт шүүхэд ийм гомдол гаргажээ. Энэ байгууллага хүрээлэн буй байгаль орчныг хамгаалагчид болон хувийн эзэмшлийн газраар нь хананы хэсэг дайран өнгөрнө гэдгийг засгийн газраас дуулгасан Техас мужийн газар өмчлөгч 3 хүний нэрийн өмнөөс шүүхэд гомдол гаргасан юм байна. Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах байгууллага: Америкийн удирдагч онц байдал тогтоох шийдвэр гаргаснаараа холбооны хуулинд заасан эрх мэдлээ хэтрүүлэхийн хажуугаар түүний энэ шийдвэр засгийн эрх мэдлийг зааглан хуваах зарчмыг зөрчиж байна хэмээн нотолж байна. Ерөнхийлөгч Трамп өнгөрсөн баасан гарагт өмнөд хил дээр онц байдал тогтоох зарлигт гарын үсэг зурсан. Ингэснээр Трамп хана барих ажилд 8 тэрбум долларын хөрөнгө гаргах боломжтой болж байгаа юм.
Мэдээж хэрэг энэ хөрөнгийг Мексиктэй залгаа 376,5 километр урт хилийн хэсэгт шинээр хана барих, хуучин ханыг сэргээн засварлах ажилд зориулна. Трамп үүний өмнө 2019 оны төсөвт АНУ, Мексикийн хил дагуу хана барих ажилд 5,7 тэрбум доллар тусгахыг шаардаж, Конгресс дэх ардчилсан намынхантай сөргөлдсөний улмаас холбооны засгийн газрын үйл ажиллагаа 35 хоног саатсан билээ.
| Онц байдал тогтоох Трампын шийдвэрийг эсэргүүцэж шүүхэд гомдол гаргалаа | ||
| Үзсэн: 632 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.