Их Британи улс Европын холбооноос тохиролцоогүй гарах хувилбар өдөр ирэх тусам улам нэмэгдсээр байна гэж Еврокомиссын дарга Жан Клод Юнкер үзэж байна.
Тэрбээр Брюссель хотноо Европын нийгэм-эдийн засгийн хорооны хуралдаанд хэлсэн үгэндээ "Британийг хатуу нөхцөлтэйгөөр гарахаас урьдчилан сэргийлэхийн тулд чадах бүхнээ хийнэ. Гэвч өдөр өнгөрөх тусам энэ нь улам бүр эргэлзээтэй болж байна" гэж мэдэгдлээ.
Лондон Европын холбооноос ямар ч зохицуулалтгүй гарснаар зөвхөн Их Британи гэлтгүй Европ даяар эдийн засгийн болон нийгмийн нэлээд хүндхэн үр дагавар авчирна гэдгийг Юнкер цохон тэмдэглэж байна.
Тэрбээр саяхан Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэйтэй ээлжит яриа хэлэлцээ хийсэн. Энэ яриа хэлэлцээ “Брексит”-ийг мухардлаас гаргаж чадаагүй ч Ерөнхий сайд уулзалтыг үр дүнтэй болсон гэж дүгнэсэн. Гэтэл Европын удирдагчид Их Британи улс Европын холбооноос тохиролцоогүй гарах эрсдэл сүүлийн долоо хоногт өссөн гэдгийг хэлж байна.
Британийн парламент энэ сарын 14-нд Засгийн газраас боловсруулсан "Брексит"-ийн асуудлаарх хуулийн төслийг олонхийн саналаар няцааж, Тереза Мэйд Брюссельтэй дахин яриа хэлэлцээ хийхийг үүрэг болгосон. Парламент "Брексит"-ийн асуудлаар энэ сарын 27-нд дахин санал хураахаар товлоод байгаа юм.
| Их Британи Европын холбооноос “хатуу нөхцөлтэйгөөр” гарах магадлал нэмэгдсээр байна | ||
| Үзсэн: 2744 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.