Шууд Chart

Хүнсний бүтээгдэхүүнд үрэлгэн хандахын эсрэг тэмцэл өрнүүлж байна

2019-02-23 10:00:00

ХБНГУ-ын Засгийн газар хоол, хүнсний бүтээгдэхүүнд үрэлгэн хандахын эсрэг тэмцэл өрнүүлж байна. Германы Засгийн газар энэ сарын 20-нд болсон хуралдаанаараа Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас энэ зорилготой холбоотойгоор санал болгосон хөтөлбөрийг дэмжиж баталжээ.

Тус улсад жил болгон хүнсэнд хэрэглэж болох 11 сая орчим тонн хүнсний бүтээгдэхүүн хаядаг. Энэ нь оршин суугч бүр жилд дунджаар 55 килограмм хүнсний бүтээгдэхүүн хаяж байна гэсэн үг юм байна.

Германы Засгийн газар 2030 он гэхэд энэ хэмжээг хоёр дахин бууруулах зорилт тавьжээ. Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас боловсруулсан энэ хөтөлбөр хэд хэдэн салбарт арга хэмжээ авахаар тусгасан байна. Үүний нэг нь улс төр аж. Засгийн газрын шинжээчдэд улс оронд үйлчилж байгаа хууль тогтоомж хүнсний бүтээгдэхүүнд гамтай хандахад хэрхэн нөлөөлж байгааг шалгах үүрэг оногджээ.

Францад супермаркетуудад худалдаалаагүй үлдэгдэл хүнсний бараагаа сайн санааны байгууллагуудад өгөх тусгай хууль байдаг бол Германд ингэхгүй гэнэ. Яагаад гэвэл Германд ийм хууль аль эртнээс амжилттай хэрэгжиж буй юм байна. Германы сайн санааны байгууллагууд жил бүр 30-аад мянган супермаркетаас 260-аад мянган тонн хүнсний бүтээгдэхүүн авч ядуу хүмүүст тараадаг байна.

Үүнээс гадна яамны хөтөлбөрт хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн явц, савлалт, хүргэлтийг боловсронгуй болохыг тусгажээ. Тухайлбал, энд савлагааг хэмжээний хувьд багасгах, ингэснээр хүргэлтийн тоог нэмэгдүүлэх асуудал яригдаж байна. Үүнээс гадна Хүнс, хөдөө аж ахуйн сайд Юлия Клёкнер бүтээгдэхүүний савлагааг ухаалаг болгосноор Германы хэрэглэгчдийн үйлдэл, сахилга батыг сайжруулна гэдгээ хэллээ.

Энэ нь зарим үед хэрэглээний хугацаа нь дуусах болоогүй бүтээгдэхүүн хаягдсан байдагтай холбоотой бөгөөд энэ нь хэрэглэгчид дэлгүүрт ороод сонголтоо зөв хийдэггүйтэй холбоотой юм байна. Иймээс Германы Хүнс, хөдөө аж ахуйн яам хэрэглэгчдэд дэлгүүр явахын өмнө авах шаардлагатай зүйлийн жагсаалтыг гаргаж, нүдэнд харагдсан болгоноо авахгүй байхыг зөвлөж байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хүнсний бүтээгдэхүүнд үрэлгэн хандахын эсрэг тэмцэл өрнүүлж байна  
Үзсэн: 1444 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй