Дэлхийн зах зээлд маш олон хэлбэр загвартай, төрөл зориулалтын дүрс бичлэгийн камерууд ар араасаа гарсаар байна. Камерын хөгжил, хүчин чадлын үзүүлэлтээ дагаад дуран буюу линз нь хүртэл өөрчлөгдөн сайжирсаар байгаа. Үүний нэгэн адил шинэ төрлийн, орчин үеийн загварын “C-4 Optics” нэртэй линзийг бүтээн танилцуулсан байна. 270 хэмийн үзэгдэх орчны дүрслэл авах чадалтай энэ линз өөрийгөө ар талаас нь ч харах боломжтой гэсэн юм.
“Lensrentals” компани “C-4 Optics” нэртэй линзээ дэлхийн хамгийн өргөн цар хүрээг хамарсан үзэгдэх орчныг харуулах боломжтой хэмээн танилцуулсан байна. Үүн дээр Рожер Цикал, Брайан Колдуэлл, Аарон Клоса гэх инженерүүд хамтран ажиллажээ. Зохион бүтээгчид нь анхны хувилбар загвараа Sony брендийн А9 нэртэй камерыг дэмжин ажилладаг байдлаар бүтээсэн байна.

Эд анги бүрийг нь угсарч бэлэн болгомогц ойролцоогоор 5 кг жинтэй болдог гэжээ. Нүүрэн талынх нь линзийн шил нь л гэхэд 20,8 см-ийн диаметртэй юм байна. гэхдээ өөртөө цахилгаан утасны холболт, тэнцвэржүүлэгч болон ямар нэгэн автомат үйлдлийн тоноглолгүй болсон. Бүх зүйлийг гар ажиллагаагаар тохируулах юм байна. Хөгжүүлэгчид нь ойрын хугацаанд энэ линзээр авсан дүрс бичлэгээ харуулахаа амлаад байгаа. Үүнийг дурын өрөө тасалгааны голд байршуулсан тохиолдолд өрөөний 4 хана, тааз шалтайгаа хамт харагдах болно гэсэн юм.
Мөн од, эрхэс, байгалийн тогтоц бүхий газруудын зураглалыг гайхалтай хэлбэртэйгээр харуулах боломжтой гэжээ. Магадгүй чадварлаг, мэдрэмжтэй зураглаач болон мэргэжлийн фото зурагчид урлагийн өвөрмөц зураглалыг үүгээр дамжуулах харах боломжтой хэмээн онцолсон байна. “C-4 Optics” нэртэй энэхүү линз нь 5 мянган ам.доллараас багагүй үнэтэй байх болно гэж мэдээлсэн юм.
| Орчин үеийн загварын “C-4 Optics” линзийг танилцууллаа | ||
| Үзсэн: 1014 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.