Сансар судлал, пуужин үйлдвэрлэлийн салбартаа нэртэй “Blue Origin” компанийг үүсгэн байгуулагч Жефф Безос олны анхаарлыг татсан мэдэгдэл хийсэн байна. тэрээр түүний эзэмшдэг компанийн бүтээсэн “New Shepard” нэртэй сансрын хөлөг энэ жил сансрын жуулчдаа авч, задгай сансарт аялуулах болно гэсэн юм.
Сансрын жуулчин үйлчилгээг мэдээж олон дахин ашиглагдах боломжтой сансрын хөлгөөр хийх хэрэгтэй. Энэ ч үүднээсээ “Blue Origin” компани сүүлийн хэдэн жилийн турш “New Shepard” сансрын хөлгөө нэг бус удаа задгай сансарт хөөргөн, туршилтаа явуулсан. Жефф Безосын хийсэн мэдэгдэл энэ салбартаа үйл ажиллагаа, төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг “Virgin Galactic” компанийн хувьд багагүй цочрол өгсөн явдал болсон. Учир нь энэ өрсөлдөөнд “Virgin Galactic” компани болон бусад томоохон компани оролцож анхдагч гэх нэр хүндийн төлөө ажиллаж байгаа юм. Тодруулбал, тус компанийн “SpaceShip Two” сансрын хөлгийн туршилт амжилттай болсон нь өрсөлдөөнийг хурдасгах үндэслэл болж байгаа юм.
Харин Жефф Безосын “Blue Origin” компанийн “New Shepard” нэртэй сансрын хөлөг сүүлийн хэдэн жилийн туршилтуудаа бүгдийг нь автомат нислэгийн горимдоо хийсэн нь томоохон давуу тал, онцлог нь болсон. Хамгийн сүүлд л гэхэд өнгөрсөн 1 дүгээр сарын 23-нд туршилтаа амжилттай даваад байгаа юм. Түүний компанийн бүтээсэн сансрын хөлөг болон зорчигч тээврийн капсул газардахдаа хоёр салангид болж автомат жолоодлогын системээр буудаг. Капсул нь шүхрийн тусламжтайгаар газарддаг бол сансрын тийрэлтэт хөдөлгүүртэй пуужин нь нислэгийн зогсоолдоо эргээд газарддаг.

Жефф Безос хэлэхдээ, бид сансрын хөлгийг нэг ч ширхэг жижиг деталь хэсэг үлдээлгүй дахин дахин шалгасан. Учир нь хүн төрөлхтний түүхэнд болох гэж байгаа шинэ нээлт, туршилт ямар ч саад, бэрхшээлгүй байх ёстой учир бэлтгэл ажлыг цаг хугацаа үл хамааран сайн хангах хэрэгтэй гэж онцолсон. Ингээд 2019 онд хийгдэх сансрын жуулчин хөтөлбөрийн салхийг “Blue Origin” компанийн “New Shepard” хөлөг хагалж чадах уу үгүй юу гэдэг асуулт асуултын тэмдэг болон үлдэж байна. “Blue Origin” компанийг эзэмшигч Жефф Безосыг дэлхий нийт интернет худалдааны сайт болох Амазоныг үүсгэн байгуулагч гэдгээр нь илүүтэй сайн танихаас гадна дэлхийн хамгийн баян хүн гэдгээр нь мэддэг билээ.
| Жефф Безос: Сансрын жуулчдыг энэ онд задгай сансарт аялуулна | ||
| Үзсэн: 866 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.