Шууд Chart

Ким Жон Ун Лангшон мужид галт тэргээр хүрэлцэн ирж Ханой руу машинаар явна

2019-02-26 14:37:47

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны тусгай галт тэрэг Вьетнамын Хятадтай хил залгаа орших Лангшон мужийн Донгдан галт тэрэгний буудалд хүрэлцэн ирж, цаашаа удирдагч Ханой хот руу машинаар явна гэж Ханойд болох БНАСАУ болон АНУ-ын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах ажлын хэсэг дэх эх сурвалж мэдээлжээ. Эх сурвалжийн хэлснээр, Ким Жон Уны галт тэрэг 26-ны өдөр Донгдан төмөр замын буудалд ирнэ, эндээс умардын төлөөлөгчид автомашинд шилжин сууж хурдны замаар Ханой хотыг зорино, эндээс Ханой хүртэл 180-аад километр юм байна.

Одоо Донгдан галт тэрэгний буудлыг өндөр зочид хүлээн авахад бэлтгэж байна, галт тэрэгний буудлыг цэвэрлэж, байшин барилгын будгийг сэргээж, өрөө тасалгаануудыг амьд цэцгээр гоёж, буудал орчмын газрыг зүлэгжүүлж, бут сөөг тарьж байна. БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун 23-ны өдөр өөрийн хуягласан галт тэргээр Пхеньянаас хөдөлсөн. Пхеньянаас Вьетнам хүрэх замын урт 4500 гаруй километр, хуягласан хүнд галт тэрэгний дундаж хурд 100 км/цаг байлаа гэж бодоход умардын удирдагч энэ аялалдаа 2 хоног зарцуулахаар байгаа юм. Солонгосын цахилгаан мэдээний агентлагийн уламжилснаар, Ким Жон Ун удирдагчийг энэ айлчлалд нь Хөдөлмөрийн намын төв хорооны орлогч дарга Ким Ён Чоль, Хөдөлмөрийн намын төв хорооны гадаад бодлогын хэлтсийн дарга Ли Су Ён, Хөдөлмөрийн намын төв хорооны боловсон хүчний асуудал эрхэлсэн орлогч дарга Ким Пён Хэ, төв хорооны санхүүгийн хэлтсийн дарга О Су Ён, гадаад хэргийн сайд Ли Ён Хо, батлан хамгаалахын сайд Но Гван Чоль, мөн Ким Жон Уны төрсөн дүү Хөдөлмөрийн намын төв хорооны 1-р орлогч дарга Ким Ё Жон нар дагалдан явна.

Өчигдөр Ханой хотын Нойбай олон улсын нисэх буудалд “Эйр Корио” компанийн Ил-76 онгоц газардсан байна, уг онгоцоор Умард Солонгосын аюулгүйн албаны 100 ажилтан, 2 жип машин болон Умардын удирдагчийн Вьетнамд хийх айлчлалаар аюулгүй байдлыг хангахад шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгслийг авчирчээ. Онгоцонд Ким Жон Ун удирдагчийн хуягласан машин байгаагүй, магадгүй машин галт тэрэгний ачааны вагонд байж болох бөгөөд удирдагч Донгдан буудлаас Ханой руу машинаар ирнэ гэж байгаа нь үүнтэй холбоотой байж болох юм. Умард Солонгосын “Нодон синмун” сонин Ким Жон Ун удирдагчийн Вьетнамд хийх айлчлалыг “эх орондоо үнэнч хүний аугаа их аялал” хэмээн үнэлж, дүгнэж байна.  

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ким Жон Ун Лангшон мужид галт тэргээр хүрэлцэн ирж Ханой руу машинаар явна  
Үзсэн: 739 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй