Вьетнамын нийслэл Ханой хотод болж байгаа дээд хэмжээний уулзалт үргэлжилж байна. Метрополь зочид буудалд үргэлжилж байгаа 2 дахь өдрийн ганцаарчилсан уулзалтын өмнө Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун, Америкийн ерөнхийлөгч Дональд Трамп нар өглөөгүүр сэтгүүлчдэд товч мэдээлэл хийлээ.
“Умард Солонгос эдийн засгийн хувьд маш хүчтэй улс болох боломжтой, ийм улс болоход нь би туслахыг хүсч байна,” хэмээн Америкийн ерөнхийлөгч хэлсэн байна. Гэхдээ “Пёньянтай яриа хэлэлцээг эцэслэх гэж яарахгүй, анхнаасаа би яарч хандахыг чухалчлахгүй гэж хэлсэн, яарч хурдлах нь чухал биш, хамгийн чухал нь бид зөв зүйл хийж байгаа явдал” хэмээн Доналд Трамп ярилаа. Мөн үргэлжлүүлэн “2 тал гайхалтай амжилт гаргах гэж байх хооронд пүрэв гарагийн дээд хэмжээний уулзалтаас гарах үр дүнгийн талаар би ярьж чадаагүй, ойрын хэдэн жилд бид хамтдаа их олон зүйлийг хийнэ гэдэгт би итгэлтэй байна” гэжээ.
Харин Америкийн ерөнхийлөгчтэй зэрэгцэн сууж байсан Умардын удирдагч орчуулагчаараа дамжуулан “бүх дэлхий энэ уулзалтыг анхааралтай ажиглаж байна, гайхалтай яриа хэлэлцээ болоосой гэж хүсч байна” гэж хэлсэн байна. Хэвлэлийнхэнд хийсэн энэ товч мэдэгдлийн дараа 2 улсын тэргүүн орчуулагчдынхаа хамтаар ганцаарчилсан яриа хэлэлцээ хийсэн. Үүний дараа Америкийн төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео, Умард Солонгосын Хөдөлмөрчний намын орлогч дарга Ким Ённ Чол нар Доналд Трамп, Ким Жон Ун нартай нэгдэж өргөтгөсөн уулзалт хийж байна.
Тэд Метрополь зочид буудлын цэцэрлэгт хүрээлэн дэх усан сангийн ойролцоо нөхөрсөг яриа хийх байсан ч, гадаа халуун, бүгчим чийглэг байгаагаас болж, дотор үргэлжлүүлэн ярилцахаар болсон юм. Вьетнамын цаг уурын байгууллагын мэдээлснээр Ханой хотод цельсийн 23 градусын дулаан, 93 хувийн чийглэг байгаа юм байна.
| АНУ, Умард Солонгосын удирдагчдын дээд хэмжээний уулзалт үргэлжилж байна | ||
| Үзсэн: 681 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.