Францад үргэлжилж байгаа “шар хантаазтан”-уудын 16 дахь удаагийн эсэргүүцэл эхэлснээсээ хойш анх удаа 40 мянга хүрэхгүй хүн оролцжээ. Францын Дотоод яам энэ тухай мэдээлж байна. Мөн “Ля Фигаро” сонинд бичиснээр “оролцогчдын тоо цөөрснөөр эсэргүүцэл намжиж байна” гэнэ. Гэтэл мэдээллийн “Би-ЭФ-Эм” суваг байдлыг арай өөрөөр тайлбарлаж: “оролцох хүний тоо цөөрсөн ч эсэргүүцэл долоо хоног бүр үргэлжилж байна” гэлээ.
Цагдаагийн газрын мэдээгээр: өчигдөр Францын нийслэл болон мужуудад болсон гудамжны жагсаал цуглаанд 39 мянга 300 “шар хантаазтан” оролцсон нь долоо хоногийн өмнөх 46 мянга 600-аас илт бага тоо юм байна. Парис хотод жагсаал цуглаан Елисейн тал, Монтень өргөн чөлөө, Альма талбай, Сена мөрөн дээгүүрх Гренель гүүр орчимд болжээ. Жагсагчид: “засгийн эрхийг ард түмэнд, бүх нийтийн санал хураалт зохион явуул” гэсэн уриа лоозон барьж явжээ. Албан ёсны мэдээгээр, Парси хотын жагсаалд 4 мянга орчим хүн оролцож, цагдаа нар 33 хүнийг саатуулсан байна. Нант хотод болсон жагсаалд 1800-аад хүн оролцож, хүчний байгууллагынхан ус шүршигч болон нулимс асгаруулагч хий хэрэглэжээ. Лион хотод 2000 хүн оролцсон жагсаалын замд цагдаа нартай мөргөлдөөн болжээ. Тулуз хотод болсон жагсаал “бид бууж өгөхгүй” гэсэн уриан дор явагджээ. “Шар хантаазтан”-уудын олныг хамарсан эсэргүүцэл Франц улсад 2018 оны 11-р сарын 17-нд эхэлж, автомашины бензин шатахууны үнийн өсөлтийн эсрэг чиглэж байлаа. Үүнтэй холбогдуулан жагсагчид гэрэл ойлгогчтой шар өнгийн хантааз өмссөн юм. Гэтэл одоо “шар хантаазтан”-ууд шаардлагаа өргөтгөж, нийгэм-эдийн засагтай холбоотой шаардлага тавихаас гадна улс төрийн шаардлагууд хүртэл тавих болжээ.
| “Шар хантаазтан”–уудын эсэргүүцэлд анх удаа 40 мянгаас ихгүй хүн оролцжээ | ||
| Үзсэн: 767 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.