Баян-Өлгий аймгийн ЗДТГ, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Монгол үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын аймаг дахь салбар хамтран казах түмний шинэ жилийн баяр Наурыз баярыг угтан хүнсний бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг өчигдөр Өлгий хотноо зохион байгуулж байна.
Тус арга хэмжээ нь орон нутгийн үйлдвэрлэгчдийг дэмжих, тэдний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг зуучлагчгүйгээр ард иргэдэд хүргэх зорилготой юм. Үзэсгэлэн худалдаанд хөдөөгийн 12 сум болон аймгийн төвөөс 100 орчим малчин, сүү, цагаан идээ, талх нарийн боов, зөгийн бал, каз зэрэг хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч иргэд, аж ахуйн нэгжүүд оролцсон байна.
Баян-Өлгий аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 64 талх, нарийн боовны цех, 13 сүү цагаан идээний цех, хоёр казны үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаа. Мөн өнгөрсөн жилээс «Баянбулаг» компани зөгийн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа бол энэ жил тэдний эгнээнд «Байбесик» нэртэй загасны консервын үйлдвэр нэмэгдсэн байна.
Баян-Өлгий аймагийн хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл орон нутгийн зах зээлийн маш бага хувийг эзэлж байна. Ялангуяа сүү, цагаан идээний хангамж тааруу байгаа нь шүүмжлэл ихээр дагуулж байна. Нийтдээ 2,2 сая толгой малтай тус аймгийн хувьд захад ааруул, шар тос 15-20 мянган төгрөгийн үнэтэй, хүссэн хүн болгон худалдаж авах боломжгүй байдаг. Зах зээл дээр эрэлт их байгаа хэрнээ нийлүүлэлт хангалтгүй байгаа нь үйлдвэрлэлийн хүчин чадал сул байгаатай холбоотой гэдгийг үзэсгэлэн худалдаанд оролцож буй хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид хэлж байлаа.
Тэд төр засгаас өрхийн болон жижиг, дунд үйлдвэрийг дэмжихэд урт хугацааны бага хүүтэй зээл олгох, тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэх, эх оронч худалдан авалт хийх замаар борлуулалтыг нь дэмжих зэрэг бодлогын чанартай арга хэмжээ авахыг хүсэж байна.
| Наурыз баярыг угтан хүнсний бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зохион байгууллаа | ||
| Үзсэн: 823 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.