Шууд Chart

БНАСАУ-ын удирдагч ирэх 7 хоногт ОХУ-д айлчилж магадгүй байна

2019-04-16 10:19:04

Умард Солонгосын удирдагч Ким Жон Уны  ОХУ-д  хийх айлчлалтай холбоотой мэдээллийг эхлээд хүргэе. Гэхдээ энэ айлчлалын товыг 2 талын  албаныхан  баталж зарлаагүй байна.  Харин Өмнөд  Солонгосын Ионхап агентлаг  Москва дахь албан ёсны эх сурвалжуудын  мэдээллээс иш татан  Умардын удирдагчийн айлчлал ирэх 7 хоногт  болж магадгүй  тухай мэдээлж  байна.

Түүнчлэн ОХУ, БНАСАУ-ын дээд уулзалт  Владивосток  хотод  зохион байгуулагдах магадлал өндөр байгаа тухай Ионхапын  эх сурвалж  мэдээлсэн  байна. Хугацааны хувьд ОХУ-ын  Ерөнхийлөгч Владимир Путин "Нэг бүс-нэг зам  олон улсын форум"-д  оролцсоны дараа эсвэл өмнө нь энэ дээд уулзалт болж магадгүй гэж таамаглаж байна. Олон улсын энэ форум энэ сарын 26-27 ны  өдрүүдэд  Бээжин  хотноо болох гэж  байгаа юм. Үүний өмнө  Умард Солонгосын төрийн зөвлөлийн даргын  орлогч  Ким Чхан Сон  өнгөрсөн  сарын 19-25-ны  өдрүүдэд  ОХУ-ын  Москва,  Владивосток хотуудад айлчилсан тухай Ионхап  агентлаг  мэдээлж байсан.

Мөн  Умард  Солонгосын  удирдагчийн туслахын  энэ  айлчлал нь  Ким Жон Ун удирдагчийн  ОХУ-д хийх  айлчлалын  бэлтгэл  ажлыг хангахтай холбоотой гэж  дамжуулж байсныг  өнөөдөр хэвлэлүүд дахин сануулж байна. Түүнчлэн өнгөрсөн сарын 14-нд  ОХУ-ын гадаад хэргийн орлогч сайд Игорь Моргулов Умард  Солонгосын гадаад хэргийн сайдын орлогч Чхон Ил нар Москва  Пхеньяны  улс  төрийн  холбоо харилцааны  асуудлыг  хөндөж хэлэлцсэн тухай мэдээлж байсан юм. 

Харин  ОХУ БНАСАУ-ын дээд уулзалтаар хэлэлцэх  асуудлын  тухайд  мэдээж  2 талын харилцаа хамтын ажиллагааг  шинэ шатанд гаргаж хөгжүүлэх,  Солонгосын  хойгийг  цөмийн зэвсэггүй бүс болгоход  чиглэгдсэн  асуудлуудыг  хөндөх нь тодорхой гэж ажиглагчид харж байна.  үүнээс гадна  хамтын ажиллагааны  гэрээ хэлэлцээр ч байгуулж магадгүй гэж таамаглаж байна.

Тухайлбал Умард Солонгосын тал  Оросоос  олон улсын нислэгт ашиглах иргэний  агаарын тээврийн 2 онгоц  худалдаж авах боломжийн талаар судалж  эхэлсэн  байгаа юм байна. энэ тухай  Умард Солонгосын  гадаад хэргийн сайдын орлогч Им Чхон Ил-тэй  Оросын  депутатууд уулзсаны дараа Төрийн Думын  дэд дарга  Сергей Неверов  хэвлэлийнхэнд  мэдээлсэн юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНАСАУ-ын удирдагч ирэх 7 хоногт ОХУ-д айлчилж магадгүй байна   
Үзсэн: 593 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй