Парисын зүрх, Францын бэлэг тэмдэг болсон Нотр Дамд гарсан галтай холбоотой зарим нэг шинэ мэдээллийн талаар эхлээд хүргэе. Юуны түрүүнд Нотр Дамын сэргээн босголттой холбоотой мэдээлэл өнөөдөр ихээр ирж байна. Тухайлбал, түүхт сүмийн сэргээн босголтод зориулах хандивын хэмжээ хэдийнээ 1 тэрбум еврог даваад байгаа тухай мэдээлж байна.
Мөн дөнгөж түрүүнд Францын засгийн газрын сайтад аж нэгж компаниуд, бизнесменүүд, иргэдийн хандив тусламжийг төвлөрүүлэх сангуудыг зарласан байна. Нийт 4 сангаар дамжуулан сэргээн босголтын хандив авахаар болсон байна. үүнд Үндэсний хөшөө дурсгалуудын төв, Нотр Дам сан, Өвийн сан, Францын сан багтаж байгаа юм байна. Засгийн газар энэ сангуудтай цаашдын сэргээн босголтын ажлын санхүүжилт, зохицуулалт, зарцуулалт, хувиарлалт зэрэг дээр хамтран ажиллах юм байна. Ер нь бол сэргээн босголтын ажилд Францын эрх баригчид 5 орчим жил зарцуулахаар төлөвлөж байгааг Францын Ерөнхийлөгч өчигдөр орой ард түмэндээ хандаж мэдэгдэл хийхдээ илэрхийлсэн юм.
ЭММАНУЭЛЬ МАКРОН Францын Ерөнхийлөгч: Бид бол бүтээгч ард түмэн. Бид их зүйлийг сэргээн засварлах хэрэгтэй болоод байна. Тиймээс бид Нотр Дамыг сэргээн засна. Энэ сүмээ илүү үзэсгэлэнтэй сайхан болгоно. Гэхдээ 5 жилийн дараа гэхэд энэ ажлуудыг хийж дуусгахыг би хүсч байна. Бид чадна. Үүний тулд бүхий хүчээ, бусад мужуудынхаа хүчийг ч дайчлах болно. Нотр Дамын сүмд гарсан гал бидний түүх хэзээд ч зогсолтгүйгээр урагшилдгийг, амаргүй ийм хүнд сорилуудыг нэг бус удаа даван туулах ёстойг маань сануулж байна.
Үүний зэрэгцээ Францын засгийн газар Нотр Дамын сэргээн босголтод зориулсан тусгай хуулийн төслийг санаачлан батлуулахаар болсон байна. тус улсын засгийн газрын хуралдаанаар ийм шийдвэрт хүрсэн тухай дөнгөж түрүүхэн Францын хэвлэлүүд мэдээлж байна. Гарсан галын шалтгааны тухайд одоогоор цахилгааны гэмтэлтэй холбоотой гэдэг урьдчилсан таамгийг криминалистикууд дэвшүүлээд байгаа юм байна.
Гэхдээ одоо богино холболтоос авахуулаад далд утасны гэмтэл гээд гал гарах шалтгаан болдог олон гэмтэлтэй холбоотой хувилбаруудыг дэвшүүлж нэг бүрчлэн шалгаж байгаа юм байна. Парисын прокурорын газраас Нотр Дамд гарсан гал санамсаргүй хэрэг байсан ч мөрдөн шалгах ажиллагаа нь амаргүй хүнд, хугацаа их шаардагдахаар байгааг мэдээлсэн байна.
| Парисын дарь эхийн сүмийн сэргээн босголтын хандивын сангуудыг зарлалаа | ||
| Үзсэн: 681 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.