Киев хотын зургаадугаар апелляцийн захиргааны шүүхээс Владимир Зеленскийг Украины Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшигчийн бүртгэлээс хасахаас татгалзсан шийдвэрийг гаргаад байна. Тус шүүх Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалт болохоос хэдхэн цагийн өмнө ийм шийдвэр гаргасан юм.
Шүүхээс Ерөнхийлөгчид нэр дэвшигч Владимир Зеленский "Олимпийский" цэнгэлдэх хүрээлэнд өнгөрсөн 19-ний өдөр болсон мэтгэлцээний тасалбарыг авахыг иргэдэд хандаж уриалсан нь сонгогчдын саналыг худалдан авсан гэсэн үг биш болохыг хүлээн зөвшөөрсөн байна.
Дээр нь шүүхэд Зеленскийн эсрэг гаргасан ажиглагчдын бүрэн эрх Сонгуулийн төв хороонд бүртгүүлснээр зөвхөн нэг тойрогт хамаатай болохыг шүүхээс тэмдэглэсэн байна. Захиргааны энэ шүүхийн шийдвэрийн эсрэг Украины дээд шүүхэд давж заалдаж болохыг заасан байна. Хэрэв нэхэмжлэгч тал давж заалдах хүсэлтээ гаргахгүй бол шүүхийн шийдвэр 30 хоногийн дотор хүчин төгөлдөр болох юм байна. Хэрэв нэр дэвшигчид, тэдгээрийн итгэмжит төлөөлөгчид, дэвшүүлсэн намын гишүүд нь сонгогчдын саналыг худалдан авахыг оролдсон нь батлагдсан бол Сонгуулийн төв хороо нэр дэвшигчдэд анхааруулж сануулах ёстой болохоос нэр дэвшигчдийн бүртгэлээс шууд хасах эрхгүй гэдгийг шүүхээс мөн тогтоолдоо оруулж өгсөн байлаа.
Ийнхүү Зеленскийн өрсөлдөгчдийн түүнийг хоёр дахь шатны санал хураалтад оролцуулахгүй байх сүүлчийн арга бүтэлгүйтээд байгаа тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна. Өнөөдөр Украины сонгогчид Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтаа өгч эхэлж байна. Санал хураалт орон нутгийн цагаар 08:00 цагт буюу Улаанбаатарын цагаар 13:00 цагт эхлээд байна.
Харин санал авах хэсэг хороод орой 20:00 цаг буюу Улаанбаатарын цагаар 01:00 цагт хаалгаа барих юм. Хоёр дахь шатны өрсөлдөөнд эхний шатанд 30.24 хувийн санал авсан "Ард түмний зарц" намын нэр дэвшигч Владимир Зеленский 15.95 хувийн санал авсан Украины одоогийн Ерөнхийлөгч Петр Порошенко нар өрсөлдөж байгаа юм.
| Владимир Зеленскийг нэр дэвшигчийн бүртгэлээс хасахаас татгалзсан шийдвэр гаргалаа | ||
| Үзсэн: 873 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.