Долоо хоног бүрийн бямба гарагт болдог уламжлалт эсэргүүцлийн жагсаал Францын нийслэл болон бусад томоохон хотуудад өчигдөр боллоо. Тус улсын Дотоод хэргийн яамны мэдээгээр өчигдрийн жагсаалд нийт 27800 хүн оролцсон байна. Гэхдээ зохион байгуулагчдын хувьд оролцогчдын тоо үүнээс илүү байсныг баталж байна.
Францын Дотоод хэргийн яамны мэдээгээр зөвхөн нийслэл Парис хотод болсон жагсаалд л гэхэд 9000 хүн оролцсон байна. Үлдсэн нь Бордо, Тулуз болон Францын бусад томоохон хотуудад болсон жагсаалд оролцогчдын тоо юм байна. Өчигдөр болсон "Шар хантаазтан"-уудын жагсаалын үеэр 249 хүнийг баривчилснаас 182-ыг нь саатуулан хорихоор шийдвэрлэсэн байна. Үүний зэрэгцээ хууль сахиулах байгууллагын ажилтан 14 хүн эмх замбараагүй байдал гарах үеэр гэмтэж шархадсан байна.
Парисийн жагсаалын үеэр жагсагчид болон цагдаагийнхний хооронд мөргөлдөөн гарч хууль сахиулагчид хэд хэдэн удаа усан буу, нулимс асгаруулагч хий, резинэн сум ашиглахад хүрч байсныг дотоод хэргийн яамнаас мэдэгдсэн юм. Францын "Шар хантаазтан"-ууд эрх баригчдын нийгэм, эдийн засгийн бодлогыг эсэргүүцэн 23 дахь долоо хоногтоо ийнхүү жагсаад байна.
Эхэндээ бензин шатахууны үнийн өсөлтийг эсэргүүцэн жагсаж байсан юм. Францын эрх баригчид жагсагчдын тодорхой шаардлагуудыг хүлээн авч бензин шатахууны үнийг өсгөхгүй байх арга хэмжээнүүдийг авах, татварын бодлогодоо өөрчлөлт оруулах зэрэг буултууд хийсэн. Гэвч жагсагчдын эсэргүүцлийн хөдөлгөөн Эммануэль Макроны эдийн засаг, нийгмийн бодлогыг буруушаагчдын ажиллагаа болон хувирсан. Түүгээр ч зогсохгүй Ерөнхийлөгч, Засгийн газрын тэргүүнийг огцруулах, ээлжит бус сонгууль зарлах уриалгууд ч эсэргүүцлийн жагсаалуудын үеэр гарах болсон юм.
| Францын эсэргүүцлийн жагсаалд 28 мянган хүн оролцжээ | ||
| Үзсэн: 704 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.