Украинд Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалт болж байна. Санал авах хэсгийн хороод орон нутгийн цагаар 08:00 цагт буюу Улаанбаатарын цагаар 13:00 цагт эхлээд байна. Харин 20:00 цагт буюу Улаанбаатарын цагаар 24:00 цагт хаалгаа барих юм. Хоёр дахь шатны өрсөлдөөнд эхний шатанд 30.24 хувийн санал авсан Ард түмний зарц намын нэр дэвшигч Владимир Зеленский, 15.95 хувийн санал авсан Украины одоогийн Ерөнхийлөгч Петр Порошенко нар өрсөлдөж байгаа юм.
Украины Сонгуулийн төв хорооны мэдээгээр нийт 29989 сонгуулийн хэсэгт 26 сая иргэн саналаа өгөхөөр бүртгэгдсэн байгаа юм байна. Харин ОХУ-ын нутаг дэвсгэрт ажиллаж амьдардаг Украины иргэд энэ удаад ч мөн саналаа өгөх эрхгүй байгаа юм. 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Украины Сонгуулийн төв хороо Москва, Санктпетербург, Донын эрэг дээрх Ростов, Екатеринбург, Новосибирск хотууд дахь таван хэсгийн хороогоо татан буулгасан юм.
Ингэснээр Украины гурван сая иргэн сонгуульд оролцох эрхээ эдлэх боломжгүй болсон. Гэхдээ Сонгуулийн төв хорооноос бас тэдний энэ эрхийг бүрэн хасчихаагүй. Тэдэнд Гүрж, Казакстан, Финланд дахь хэсгийн хороон дээр очиж саналаа өгөх боломж олгосноо мэдэгдэж байсан юм. Хилийн чанад дахь Украинчуудаас хамгийн түрүүнд Австралид, харин хамгийн сүүлд АНУ-ын баруун эрэгт ажиллаж, амьдардаг иргэд нь саналаа өгөх ёстой.
Хоёр дахь шатны өрсөлдөөнд оролцож байгаа нэр дэвшигчдийн хувьд энэ удаад ердийн олонхийн санал авсан нь ялалт байгуулж Украины төрийн тэргүүнээр сонгогдох ёстой юм. Санал хураалтын явцад 21 улсын 20 байгууллагын 2700 албан ёсны ажиглагч ажиглалт хийхээр бүртгүүлсэн байгааг Сонгуулийн төв хорооноос өмнө нь мэдэгдсэн юм.
Санал хураалтад оролцсон иргэдээс авсан санал асуулга буюу экзит полын дүн хэсгийн хороод хаалгаа барьсны дараа болон хоёр цагийн дараа гарахаар байна. Харин Сонгуулийн төв хорооны албан ёсны дүнг санал хураалтаас хойш 10-аас ихгүй хоногийн өмнө буюу тавдугаар сарын 1-ний дотор танилцуулах ёстой юм. Мөн хуульд заасны дагуу шинээр сонгогдсон Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг зургаадугаар сарын 3-ны өдөр зохион байгуулна.
| Украины Ерөнхийлөгчийн сонгуулийн 2 дахь шатны санал хураалт болж байна | ||
| Үзсэн: 985 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.