АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, БНХАУ-тай худалдааны маргаанаа эцэслэх худалдааны ширээ гэрээ байгуулахаар хэлэлцээ хийж байгаа энэ цаг үед тус улсын бараа бүтээгдэхүүнд тогтоосон импортын хоригийг нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаагаа өөрийн нийгмийн сүлжээ твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна. Түүний мэдэгдэж байгаагаар ирэх Баасан гариг буюу энэ сарын 10-ны өдрөөс эхлэн Хятадын 200 тэрбум америк долларын бараа бүтээгдэхүүнд тогтоочихоод байгаа 10 хувийн татварыг 25 хувь болгож нэмэгдүүлэх юм байна.
Өнгөрсөн, 10 сарын хугацаанд БНХАУ 50 тэрбум америк долларын өндөр технологийн бараа бүтээгдэхүүнд 25 хувийн татвар төлж байсан мөн 200 тэрбум америк долларын бараа бүтээгдэхүүнд 10 хувийн гаалийн татвар төлж байсан юм.
Үүний зэрэгцээ Трамп одоо Хятадын бараа бүтээгдэхүүнд ямар ч нэмэлт татвар тогтоогоогүй 325 тэрбум америк долларын бараа бүтээгдэхүүнээс 25 хувийн гаалийн татвар авах ийм нөхцөл үүсчихээд байгааг сануулсан байна. Хятадын бараа бүтээгдэхүүнд, тогтоосон татварын хувь хэмжээг, нэмэгдүүлэх болсон шалтгааныг Хятадтай хийж байгаа яриа хэлэлцээ, хэтэрхий удаан, мөн энэ хэлэлцээнд ямар ч ахиц дэвшил гарахгүй байна гэж тайлбарласан байна.
Нөгөө талаар саяхан тус улсын сангийн яам 2019 оны эхний улирлын Америкийн эдийн засгийн өсөлт худалдааны тайланг танилцуулахад, худалдааны салбар өссөн үзүүлэлттэй гарсан зэрэг хүчин зүйл нөлөөллөө гэж шинжээчид харж байна. Ажиглагчид, түүний энэ төлөвлөгөөг Хятадын талд анхааруулсан, Хятадаас ямар хариу ирэхийг сорих зорилготой, өөрөөр хэлбэл, Хятадын талаар энэ яриа хэлэлцээнд, буулт хийлгэх зорилготой байж магадгүй гэж харж байна. АНУ, Хятадын худалдааны маргаанаа эцэслэх зорилготой яриа хэлэлцээ сэргэж энэ оноос эхлэн 2 талын төлөөлөгчид Бээжин болон Вашингтон хотноо харилцан айлчилж, 10 орчим удаа яриа хэлэлцээ хийгээд байна. Хамгийн сүүлд, өнгөрсөн 7 хоногт, Америкийн худалдааны сайд Стивен Мюнчин, худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзер тэргүүтэй төлөөлөгчид Бээжинд айлчилж Хятадын талтай хэлэлцээ хийсэн бол дараагийн шатны яриа хэлэлцээ энэ сарын 8-9-ны өдрүүдэд Вашингтон хотноо болох гэж байна. Америкийн худалдааны сайд Стивен Мючин 2 тал худалдааны маргаанаа эцэслэх шинэ худалдааны гэрээ байгуулах сүүлчийн шатны хэлэлцээнд шилжсэн гэж мэдэгдээд байгаа юм.
Гэхдээ ажиглагчид Америкийн талаас хэлэлцээ амжилтгүй боллоо гэж үзээд, импортын татварын хэмжээг нэмэгдүүлж байгаа нь ирэх өдрүүдэд Вашингтон хотноо болох гэж байгаа хэлэлцээг амжилтгүй болох вий гэдгээс болгоомжилж байна.
| АНУ Хятадын бараа бүтээгдэхүүнд тогтоосон импортын татварыг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна | ||
| Үзсэн: 583 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.