Шууд Chart

“Шар хантаазтан” эсэргүүцлийн жагсаалд 18 мянга гаруй жагсагч оролцжээ

2019-05-06 13:12:16

Франц улсад долоо хоног бүрийн Бямба гаригт болдог Шар хантаазтан эсэргүүцлийн жагсаал 25 дахь долоо хоногтоо боллоо. Тус улсын дотоод хэргийн яамнаас мэдээлж байгаагаар энэ удаагийн жагсаалд улс орон даяар 18 мянга 900 жагсагч оролцсон байна. Энэ нь өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад бага зэрэг буурсан үзүүлэлт болж байна.

Өнгөрсөн 7 хоногт болсон жагсаалд Франц улс даяар 23 мянга 600 жагсагч оролцсон гэж мэдээлж байсан юм. 25 дахь удаагийн жагсаалд нийслэл Парис хотод 1400 гаруй жагсагч оролцсон байна. Ажиглагчид энэ долоо хоногт болсон жагсаалд оролцогсдын тоо буурсан шалтгааныг саяхан болсон хөдөлмөрчдын баярын үеэр болсон жагсаалтай холбон тайлбарлаж байна. Энэ сарын 1-нд дэлхийн хөдөлмөрчдийн өдөр тохиож энэ үеэр Франц улс даяар эсэргүүцлийн жагсаал болсон юм.

Өнгөрсөн 2018 оны 11-р сараас Францын ард иргэд бензин шатахууны үнийн өсөлтийг эсэргүүцэн  жагсч эхэлсэн. Францын засгийн газраас  хүлэмжийн хорт хийн хаягдлыг  бууруулах зорилгоор экологийн гэж нэрлэдэг татварыг нэмэх шийдвэр гаргасан нь  бензин шатахууны үнийг огцом өсгөхөд хүргэсэн гэж  үзэж байгаа юм. Хэдийгээр Францын эрх баригчид, жагсагчдын шаардлагыг хүлээн авч буулт хийсэн боловч одоо энэ хөдөлгөөн цар хүрээгээ тэлж нийгэм-эдийн засагтай холбоотой шаардлага тавихаас гадна улс төр, засгийн газрыг огцрох хүртэл шаардлага тавьж байна. Үүний зэрэгцээ ард иргэдийн тайван жагсаал нь эцэстээ хүний хувийн өмчид халдаж гэмт хэрэг гарах үндэс бий болж байна.

Шар хантаазтан хөдөлгөөн өрнөж эхэлснээс хойш 250 сая америк долларын хохирол учирсан гэж тус улсын гадаад хэргийн яамнаас мэдээлсэн байна. Мөн жагсаалын үеэр эмх замбараагүй байдал үүсгэсэн хүч хэрэглэсэн хэргээр тус улсын цагдаагийн байгууллага давхардсан тоогоор 8000 гаруй хүнийг саатуулсан байна. Жагсаал эхний үедээ 300 мянга хүртэл хүнийг хамарч байсан бол одоо харьцангуй буурчихаад байгаа юм.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Шар хантаазтан” эсэргүүцлийн жагсаалд 18 мянга гаруй жагсагч оролцжээ   
Үзсэн: 639 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй