Шууд Chart

АНУ: БНХАУ худалдааны хэлэлцээгээр өмнө нь тохирсноосоо ухрахыг чармайж байна

2019-05-08 10:56:35

Ерөнхийдөө Америкийн тал Хятадыг худалдааны хэлэлцээнд өмнө нь ярьж тохирсон зүйлүүдээс эргэж буцах хандлагатай байна гэж зэмлэнгүй байр суурийг илэрхийлж байна, гэхдээ татварын асуудал дээр гэрээнд хүрэх боломж нээлттэй байгааг худалдааны төлөөлөгч нь мэдэгдсэн байна. Өөрөөр хэлбэл Хятадын тал гэрээнд тусгахаар оруулсан өмнөх 10 удаагийн хэлэлцээгээр ярьж тохирсон зам зүйлүүд, тэр дундаа хуулийн өөрчлөлтийг хийхээс татгалзсан нь Америкийн талаас байр сууриа өөрчлөхөд хүргэсэн бололтой байна гэж шинжээчид бичиж байна. 

Өнгөрсөн онд хоёр тал бие биенийхээ ижил дүнтэй бараанд харилцан татвар тогтоосноос хойш худалдааны маргаантай байдлаа арилгах 10 удаа хэлэлцээ хийж, гэрээ байгуулахад тун ойртсон гэж талууд мэдэгдсэн. Өнгөрсөн 7 хоногт АНУ-ын сангийн сайд Стивен Мнючин Бээжин дэх хэлэлцээгээ дуусгасны дараа энэ удаагийн хэлэлцээ үр дүнтэй боллоо гэж дүгнэсэн. Худалдааны хэлэлцээр байгуулахад саад болж байгаа гол зүйлүүд нь гэрээг цаашид яаж хэрэгжүүлэх вэ, одоо тогтоосон байгаа татварыг хэрхэн яаж, богино хугацаанд хүчингүй болгох вэ, оюуны өмчийг хамгаалахтай холбоотой асуудлыг яаж зохицуулах вэ гэдэг асуудал байгаа юм.

Сүүлийн 10 сарын хугацаанд АНУ Хятадын 250 тэрбумын бараа бүтээгдэхүүнд буюу өндөр технологийн 50 тэрбумын бараанд 25 хувийн татвар, бусад 200тэрбумын бараанд 10 хувийн татвар авч байна.  Үүнийгээ худалдааны шудрага бус байдалтай холбон тайлбарлаж байна. Хятадын хувьд АНУ-ын 110 тэрбумын бараанд Америктай ижил хувиар татвар тогтоож, АНУ-ыг эдийн засгийн түүхэнд байгаагүй худалдааны том дайн эхлүүллээ гэж буруутгаж байгаа юм. АНУ-ын ерөнхийлөгч Трамп 2019 оны 5-р сарын 1н гэхэд гэрээ байгуулж чадахгүй бол Хятадын 200тэрбумын барааны татварыг 25% болгож нэмэгдүүлнэ гэдгээ анхааруулсан, гэвч товлосон хугацаанд хоёр тал тохиролцож амжаагүй учраас хэлэлцээг урагшлуулах үүднээс 5-р сарын 1-нд товлосон хугацааг сунгасан. Өнгөрсөн 12-р сараас хойш Бээжин Вашингтонд чиглэсэн хэд хэдэн нааштай шийдвэрүүдийг хэрэгжүүлсэн, тухайлбал АНУ-аас авч байгаа автомашины татварыг бууруулсан, Америкаас шар буурцаг худалдаж авч эхэлсэн, гадны компанийг заавал технологио үлдээ гэдэг шаардлагыг хориглох хуулийг мөрдөж эхэлсэн гээд багагүй чармайлтуудыг гаргасан юм. 

Хэрвээ АНУ байр сууриа өөрчлөлгүйгээр баасан гарагаас Хятадын 200тэрбумын бараанд татварыг 25% болгон нэмэгдүүлбэл Америк Хятадын худалдааны маргаан дэлхийн эдийн засагт дахин эрсдэл үүсгэж болзошгүйг эдийн засагчид сануулж байна. Трампын анхааруулснаар татварын нэмэгдэл хүчин төгөлдөр болвол Хятадын үйлдвэрлэгчдийн 500 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүн Америкийн зах зээлрүү гарахад 25 хувийн татвар төлдөг болно гэсэн үг. Трамп ерөнхийлөгч Хятадын бараанд тавьсан татварыг нэмэгдүүлнэ гэж мэдэгдсэний дараа олон улсын хөрөнгийн зах зээл дээр хувьцааны ханш суларсан, гэхдээ өнөөдрөөс эргээд чангарч байгаа юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ: БНХАУ худалдааны хэлэлцээгээр өмнө нь тохирсноосоо ухрахыг чармайж байна  
Үзсэн: 516 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй