БНХАУ-ын 200 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүний импортын гаалийн татварыг 10-аас 25 хувь болгон нэмэгдүүлэх АНУ-ын засаг захиргааны шийдвэр хүчин төгөлдөр боллоо. Үүний эсрэг Хятад улс хариу арга хэмжээ авахаас өөр аргагүйд хүрч байгаадаа харамсаж байгаагаа илэрхийлээд байна.
АНУ-ын Төрийн тэргүүн Доналд Трамп өнгөрсөн 5-ны өдөр Хятадын бараа бүтээгдэхүүний гаалийн татварыг энэ сарын 10 ны өдрөөс нэмэхээ зарласан. Түүнчлэн АНУ-ын Ерөнхийлөгч одоогоор импортын гаалийн татвар ногдуулдаггүй 325 тэрбум ам.долларын Хятадын бараа бүтээгдэхүүнээс ч татвар авахаар төлөвлөж байгаагаа ч зарласан билээ. Гэхдээ үүнийг нь америк Хятадын худалдааны яриа хэлэлцээг үр дүнд хүргэх шахалт дарамт гэж тодорхойлж байсан мэргэжилтнүүд олон байсан юм. Харин энэ баасан гарагт хийсэн түүний мэдэгдэл сүрдүүлэг шахалт төдий биш гэдэг нь батлагдаад байна. 25 хувийн импортын гаалийн татварыг Хятадаас нийлүүлж байгаа тоглоом, спортын хэрэгслүүдийн 100 хувьд гутлын 93 хувь, даавуун материал хувцасны 91 хувьд нь ногдуулахаар болж байна. үүнээс болж Америкт Хятадад үйлдвэрлэсэн ахуйн цахилгаан бараа, хүүхдийн тоглоом, гутал хувцасны үнэ нэмэгдэх нь гарцаагүй болоод байна.
Мөн импортын гаалийн татварын энэ нэмэгдлээс болж Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 1,2 нэгжээр саарна гэж мэргэжилтнүүд урьдчилан тооцоолж байна. Энэ хооронд АНУ БНХАУ-ын худалдааны яриа хэлэлцээний ээлжит шат Вашингтонд үргэлжилж байна. Энэ хэлэлцээнд Хятадын талаас Төрийн зөвлөлийн шадар сайд Лю Хэ тэргүүтэй төлөөлөгчид оролцохоор Вашингтонд өчигдөр ирээд байгаа юм.
| Хятадын бараа бүтээгдэхүүний импортын татварыг дахин нэмэгдүүллээ | ||
| Үзсэн: 924 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.