Их, дээд сургуулийн философийн сургалтын талаар ХААИС-ийн багш доктор (Ph.D) Г.Уянга, ШУА-ийн Философийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор (Ph.D) С.Соёлмаа нартай ярилцсаныг та бүхэнд хүргэж байна.
-Манайд их, дээд сургуулийн философийн сургалтын өнөөгийн байдал ямар түвшинд байна гэж үзэж байна вэ?
Г.Уянга: -Таны асуултанд хариулахын тулд эхлээд бусад оронд философийн сургалт ямар буйг товч дурдах хэрэгтэй болов уу. Өнөөдөр философийн боловсролын ач холбогдлыг үнэлж, дунд сургуульд “Хүүхдэд зориулсан философи” хөтөлбөрийг хэрэгжүүлдэг улс орнууд цөөнгүй байна. Харвардын их сургуульд гэхэд Күнзийн философийг сонирхон судлах оюутны тоо эрс өссөн гэсэн мэдээ бий. Дээд боловсролын түвшинд философийн хичээлийг сонирхон судлах оюутнууд улам олон болсон. Тухайлбал, ахисан түвшний сургалтанд салбар философийг (техникийн философи, оюун санааны философи, экологийн философи, үнэлэмжийн философи, боловсролын философи, эрх зүйн философи, улс төрийн философи, ёс зүй, гоо зүй гэх мэт) судалж байна. Энэ нь тухайн оюутан өөрийн мэргэжлийн агуулгыг илүү нухацтай шинжлэх, судалгааныхаа тулгамдсан асуудлыг оновчтой шийдвэрлэхэд философийн мэдлэг арга зүйн дэмжлэг болдогтой холбоотой. Мөн магистр, докторын судалгааны ажлын эхний хуудсанд “судлаачийн ёс зүйн баталгаа” гэсэн хэсэг оруулж хэвшсэн нь ч цаад утгаараа философийн нэн чухал бүрэлдэхүүн болох ёс зүйн мэдлэгийн хэрэглээний нэг жишээ юм.
1990 оноос хойш философийн сургалтын агуулга, арга зүйд өөрчлөлтүүд орсон. Философийн сургалтын талаар ярихад мэргэжилтэн бэлтгэдэг философийн сургалт, мэргэжлийн бус ангид зориулсан философийн сургалт гэсэн хоёр ялгаатай хүрээ бий. Философийн мэргэжлээр төгсөгчид харьцангуй олон салбарт хөрвөн ажиллах боломжтой байдаг.
ХААИС-ийн багш доктор (Ph.D) Г.Уянга
Их, дээд сургуульд заавал судлах хичээлийн нэг нь философи. Тухайн сургууль ирээдүйн мэргэжилтэн уг хичээлийг судлах боломж, нөхцлөөр хангах үүрэгтэй гэсэн үг. Цөөн хэдэн сургуулийг эс тооцвол их дээд сургуульд философийн хичээлийг заавал судлах тухай яамны сайдын тушаал хэрэгжиж байна. Албан сургалтын ийм зохицуулалтаас гадна сүүлийн үед цахим орчинд философийг сонирхох, судлах залуусын тоо эрчимтэй нэмэгдэж байна. Тэдгээр залуус философийн эх зохиол уншиж, санал бодлоо солилцох, тодорхой асуудлаар мэтгэлцээн, уулзалтууд зохион байгуулж байгаа нь оюун санааны эрх чөлөөг эрхэмлэх, өөрийгөө шүүн тунгааж эргэцүүлэх, ухаалаг чанарыг чухалчлах болсны илрэл.
С.Соёлмаа: -ЮНЕСКО зэрэг олон улсын байгууллагууд философийн боловсролын ач холбогдлыг тунхагласан байдаг. 1990–ээд оноос өмнө философийн боловсрол нь дан ганц марксист чиглэлтэй байсан боловч их, дээд сургуульд сурч байгаа бүх хүн заавал судалдаг байсан. 1990-ээд оноос хойш хичээлийн агуулгад өөрчлөлт орсон ч зарим сургуулийн оюутан философийн хичээл үзэхгүй төгсөх явдал гарах болсон. 2014 оноос хичээлийн нэрийг “Сэтгэлгээний түүх, соёл” гэж өөрчлөн заавал үзэх хичээлээр баталсан. Хичээлийн нэрийг ингэж өөрчилсөн нь оновчгүй байгаа юм. Математик, физик, химийн хичээлийг шинжлэх ухааны тогтсон нэршлээр нь зааж байгаатай адил олон улсад хэвшсэн “Философи” гэсэн нэрээр оруулах нь зүйтэй.
ШУА-ийн Философийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор (Ph.D) С.Соёлмаа
Философи нь тогтсон үзэл гэхээсээ илүү шүүмжлэлт эргэцүүлэх сэтгэлгээ, шүүн тунгаах чадварыг төлөвшүүлдэг. Ийм сэтгэлгээ, үнэлэмжийг философийн боловсролоор олгодог. Зарим хүмүүс гадаадын философийг зааж байна гэдэг. Гэтэл Монголын буддын философи сэтгэлгээний түүхийг Англи, Унгар, Америк, Орос гэх мэт орнуудын монгол судлаачид судалж үнэлж байхад, бид өрнө, дорнын бусад орны соёл, улс төр, нийгмийн философийг оюутнуудад танин мэдүүлэх ажлыг орхигдуулж болохгүй. Би Австралийн Тасманы Их сургуульд докторын дараах судалгаа хийж байсан. Тэнд нийгэм, хүмүүнлэгийн сургуульдаа философийн бие даасан сургууль, тэнхмийг тогтвортой ажиллуулдаг.
-Хувь хүнийг хөгжүүлэх гол хөшүүрэг болохын хувьд философийн боловсролын хэрэгцээ өсөж байна. Тэгэхээр сургалтын агуулга, арга зүйд анхаарах зүйл юу байна вэ?
Г.Уянга: -Багш бүр хичээлийн чанарыг сайжруулах эрэл хайгуулд явдаг. Миний хувьд философийг судалснаар 3 чухал дадал, 3 чадвар төлөвшинө гэж үздэг. Нэгдүгээрт, өөрийгөө шүүн шинжлэх дадал, хоёрдугаарт, асуудалд ухаалгаар буюу эерэг сэтгэлээр хандах дадал, гуравдугаарт, баримтад тулгуурлан хандах дадал, харин чадварын хувьд өөрийн санаа бодлоо илэрхийлэх-нотлох чадвар, бүтээлчээр сэтгэн бодох-бүтээх чадвар, үнэнийг хайн хэлэлцэх-хамтын шийдэлд хүрэх чадвар юм.
Манай их, дээд сургуулиуд хамтран хэд хэдэн удааа философийн сургалт ба арга зүйн шинэчлэлийг хэрхэн хийх талаар хэлэлцэж, зөвлөмж гаргаж байсан. Ялангуяа философийн сургалтанд арга зүйн олон ургальч үзлийг нэвтрүүлэх шаардлагыг анхаарч, шинэлэг агуулгатай сурах бичгүүд зохиож, хөтөлбөр шинэчлэгдсэн зэргээр ахиц дэвшил гарсан. Жишээ нь, миний хувьд сургалтандаа чөлөөт сонголт, хувь хүний хариуцлагыг хамтад нь авч үздэг прагматик арга зүйг хэрэглэхийг хичээдэг.
С.Соёлмаа: -Ер нь философийн хичээлийн агуулгыг олон ургальч хандлагаар зааж, хөтөлбөр агуулгыг нь боловсруулсан. Энэ нь нийгэм, хүмүүнлэгийн ухааны бусад хичээлийн агуулгын өөрчлөлтөд ч нөлөөлсөн гэж боддог. Одоо хичээлийн хөтөлбөрт философийн түүх ба философийн салбарууд гэсэн хоёр үндсэн хэсэг байгаа. Философийн эх зохиолыг уншуулж харилцан ярилцах, мэтгэлцэх арга нь суралцагчдад их үр өгөөжтэй байдаг учир эх зохиолын орчуулгын бүтээлүүд гаргах нь чухал байна. Их, дээд сургуулийн философийн багш нарын хувьд философийн эх зохиолыг орчуулж, эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл, ном хэвлүүлэх зэргээр бололцооны хэрээр ажиллаж байгаа. Цаашид судалгааны, нээлттэй их сургуулийг хөгжүүлэх зорилтыг хэрэгжүүлэхэд хүмүүнлэгийн ухааны сургалтын чанарыг сайжруулах хэрэгтэй.
-Өнөөдөр ажил олгогчдын хүлээж буй мэргэжилтнийг бэлтгэж гаргахад философийн боловсрол ямар нөлөө үзүүлж чадах вэ?
Г.Уянга: -Энэ их чухал асуулт. Манайд “хүнийг хөгжүүлэхэд” чиглэсэн либераль арт тодотголтой хичээлүүдийн үнэ цэн, ач холбогдлыг анхаарах болсон нь сайшаалтай. А.Эйнштейн "Либераль артын боловсролын үнэ цэн нь баримт нотолгоог хүлээн авахад бус, харин сурах бичгээс сурдаггүй зүйлийг чөлөөтэй сэтгэж сурахад оршино" гэсэн байдаг. Өнөө үед бүтээлч шүүмжлэлт сэтгэлгээтэй, бие даан бодож эргэцүүлдэг, асуудалд олон талаас нь хандах замаар оновчтой шийдвэр гаргаж чаддаг, хамтын ажиллагаа-шийдвэрийг хүндэтгэдэг, хөрвөх чадвартай мэргэжилтнийг бэлтгэхэд философийн боловсрол томоохон дэмжлэг болно. Ажил олгогч нарт чухам ийм чадвартай мэргэжилтнүүдийг сонгохыг илүүд үздэг болсон. Мэргэжлийн мэдлэг өндөр ч “хүн” болж төлөвшиж чадаагүй бол нийгэмд ашиг тустай ажиллаж чадахгүй.
Философи нь бүтээлч, шүүмжлэлт сэтгэлгээгээ хөгжүүлж, үзэгдэл, үйл явдалд илүү өргөн хүрээнд харах, ухаалаг үндэслэгээ дэвшүүлэх, үнэнийг эрхэмлэх, шударга ёсыг хэрэгжүүлэгч байх, ёс суртахуунлаг шийдвэр гаргах чадварт сургадаг бол нийгмийн амьдралд үзэл санааны хувьд хүчтэй нөлөө үзүүлдэг. Нийгмийн өөрчлөлт шинэчлэл философийн аль нэг урсгал чиглэлд үндэслэгдэж болно. Дэлхийн нөлөө бүхий удирдагчид философичидтой зөвлөдөг. Ойрын жишээ хэлэхэд ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Александр Дугин хэмээх философичтой дотно зөвлөлддөг бөгөөд түүнийг “В.Путины тархи” хэмээн хочилдог. В.Путины бодлого, шийдвэрт энэ философичийн нөлөө их байдаг гэдэг.
Ер нь философи бол гүн бясалгал эсвэл дуусдаггүй эргэцүүлэл биш, харин нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга хэрэгсэл. Амьдралд ухаалагаар, бүтээлчээр хандах арга замыг санал болгодог, судалж буй хүндээ өөрийгөө шүүн тунгаах, өөрчлөн сайжруулах боломж олгодог өргөн талбар гэж болно.
С.Соёлмаа: -Философийн практик шинжтэй салбар бол ёс зүй. 2000-аад оноос өмнө хүүхдүүд ёс зүйн боловсролыг урлаг, уран зохиолоор дамжуулж авдаг байсан. Хүүхдэд уламжлалт гэрийн хүмүүжлээс гадна, цэцэрлэг, сургуульд зөв хүн болж төлөвших ёс зүйн мэдлэгийг системтэй сургах хэрэгтэй. Энэ тал дээр анхаарч дунд сургуульд бие даасан хичээл оруулах болсон нь сайн хэрэг. Өнөөдөр ажил олгогч нарын тавьдаг шаардлагад өөрчлөлт бий болсныг бид мэдэж байгаа. Хүний нөөцийн чиглэлийн судалгааны дүнгүүдээс харахад хүмүүс тогтвор суурьшилтай, хариуцлагатай, тууштай ажилладаггүй гэсэн байдаг. Тэгэхээр оюутнууд мэргэжлийн мэдлэгээс гадна мэргэжлийн ёс зүй, хариуцлагаа ойлгож мэдэхэд философи, ёс зүйн боловсрол нөлөөлж чадна. Нөгөө талаас манай нийгэмд өөрсдийгөө хувилгаан, ер бусын хүчтэй гэж нэрлэн, надад итгэхгүй бол оршихгүй гэх маягийн зүйлс ярьж, бусдыг мунхруулдаг хүмүүс цөөнгүй байна. Ийм хандлагыг өөрчлөхөд философийн боловсрол тусална.
-Суралцагчийн мэргэжлийн онцлогт тохируулсан философийн хичээлийн хөтөлбөрийг боловсруулах талд хэр зэрэг ахицтай байна вэ?
Г.Уянга: -Хичээлийн агуулгыг хэрхэн ойлгомжтой бас сонирхолтой байдлаар хүргэх вэ? гэдэг асуулт бол боловсролын салбарын мөнхийн асуудлын нэг. Хичээлийн агуулгыг оюутнуудын суралцаж буй мэргэжил, сонирхол, хэрэгцээнд тулгуурлан тодорхойлох хандлага хүчтэй болжээ. Суралцагчийн мэргэжлийн онцлогт тохируулсан философийн хичээлийн хөтөлбөрийг боловсруулах санаачилга эхэлж байна. Иймд мэргэжлийн хүрээний оролцогч талууд сайтар зөвлөлдөж, туршлага, сургамжаа харилцан солилцож ажиллах нь зүйтэй юм.
С.Соёлмаа: -Инженерийн мэргэжил эзэмших гэж байгаа оюутнуудад техник, шинжлэх ухааны философи; эдийн засагч, банк санхүүгийн мэргэжлийн ангид эдийн засгийн онолын философийг түлхүү заадаг туршлага бий ч түгээмэл биш. Цаашид боловсронгуй болгоод ахисан түвшний сургалтад нэвтрүүлэхэд илүү бололцоотой. Ер нь сургалтын хөтөлбөрийн шинэчлэлтэд ёс зүй, философийн боловсролын үр нөлөөг нэмэгдүүлэх хэрэгтэй байна.
-Ярилцлага өгсөн танд баярлалаа.
Их, дээд сургуулийн философийн сургалтын өнөөгийн байдал | ||
Үзсэн: 8408 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.