Шууд Chart

“Хүнсний хувьсгал”-ын дүнд Баянгол дүүрэгт хүнс үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийн тоо 20 хувиар нэмэгджээ

2026-05-06 14:46:08

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй  уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Тэрбум мод, “Эрүүл монгол хүн”, “Илгээлт-2100” зэрэг үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар товч танилцууллаа.

Төрийн тэргүүний бодлого, үйл ажиллагааг дэмжин, хоорондоо нягт уялдаатай үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулж байгаа дүүргийн төр, захиргаа, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоо, хичээл зүтгэлд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.

Цаашид ололт амжилтаа бататгаж, бүх шатанд ёс зүйг эрхэмлэн, сахилга, хариуцлага, эв нэгдэлтэй байж, хүн бүр ажил хөдөлмөр эрхлэн, эх орноо хөгжүүлэхийн төлөө хамтран зүтгэхийг уриаллаа.

Баянгол дүүрэг 71 мянга гаруй өрхтэй, 280 мянга гаруй иргэнтэй. Нийт оршин суугчдын 84 хувь нь орон сууцанд, 16 хувь нь гэр хороололд амьдардаг. Үйлдвэрлэл, боловсрол, эрүүл мэнд, дэд бүтэц, шашин, соёл, хүн амын суурьшлын гол төвийн нэг юм.

Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт тасралтгүй нэмэгдэн, сүүлийн таван жилд 686 тэрбум төгрөгийн ажил хийсэн. Өнгөрсөн дөрвөн жилд гэхэд л  18 цэцэрлэг, 16 сургууль ашиглалтад орсон тухай Засаг дарга Ө.Сумъяабаатар танилцууллаа.

Хийж хэрэгжүүлсэн ажлынх нь үр дүн гарч, 91 улсын 425 хотыг эгнээндээ нэгтгэсэн ЮНЕСКО-гийн “Дэлхийн суралцагч хотуудын сүлжээ”-нд энэ онд албан ёсоор нэгдсэн байна.

Баянгол дүүрэг 37 мянга гаруй аж ахуйн нэгжтэй. Ерөнхийлөгчийн санаачилсан ”Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний дүнд хүнс үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийн тоо гэхэд л 20 хувиар нэмэгдсэн. Мөн аж ахуйн нэгжүүд хүчин чадлаа доод тал нь хоёр дахин нэмж, энэ хэрээр олон арван ажлын байр бий болгожээ.

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд дэлхийн 21 улсын их, дээд сургуульд 1,000 гаруй хүүхэд тэргүүлэх чиглэлээр суралцаж байгаагийн 66 нь Баянгол дүүргийнх.

“Баянгол цэцэрлэгт хүрээлэн” ОНӨҮГ нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх найман үндсэн байршлын нэг юм. Энэ хүрээлэнг хүүхэд, залууст экологийн боловсрол олгох сургалтын бааз, түшиц төв болгохоор төлөвлөсөн байна.

Дүүрэг өнгөрсөн дөрвөн жилд 240 орчим мянган мод тарьж, ургуулан 8.5 га талбайг зүлэгжүүлснээр нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 5.5-аас 5.9 м2 болж нэмэгджээ.

Энэ онд 30 хорооны 430 байршилд 9.5 га талбайд мод, бут, сөөг тарьж, зүлэгжүүлэх бөгөөд 2028 он гэхэд ногоон байгууламжийн хэмжээг одоо байгаагаас тав дахин нэмнэ.

Баянгол дүүрэг цаашид хүний хөгжил, хөдөлмөрийг дэмжсэн,  иргэдээ сурч боловсорч хөгжихөд таатай, амар тайван, аюулгүй орчинтой, ногоон хөгжлийг дээдэлсэн, үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлсэн, хариуцлагатай, цахим систем, ухаалаг менежменттэй дүүрэг болох зорилт дэвшүүлжээ.


“Хүнсний хувьсгал”-ын дүнд Баянгол дүүрэгт хүнс үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийн тоо 20 хувиар нэмэгджээ  
Үзсэн: 80 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй