Шууд Chart

Дональд Трамп түр санхүүжилтийн тогтоолд гарын үсэг зурлаа

2019-11-23 15:01:12

АНУ-ын Төрийн тэргүүн Дональд Трамп пүрэв гарагт Холбооны Засгийн газрын 12 дугаар сарын 20-ныг хүртэлх түр санхүүжилтийн тогтоолд гарын үсэг зурлаа.

Энэ тогтоолыг өмнө нь АНУ-ын Төлөөлөгчдийн танхим, дараа нь Сенатаар баталсан юм. Харин АНУ-ын Төрийн тэргүүн тогтоолд хориг тавьж чадалгүй гарын үсэг зурлаа гэж олон улсын хэвлэлүүдээр мэдээлж байна.

Түр төсөв батлагдсанаар Конгресс дэх намуудад илүү удаан хугацааны санхүүгийн хууль тогтоол батлах хугацаа гарч байгаа юм. Харин түр төсвийг батлаагүй бол АНУ-ын Засгийн газрын үйл ажиллагаа зогсох эрсдэлтэй байлаа.

Ерөнхийдөө Дональд Трампыг Төрийн тэргүүн болсноос хойш Ардчилсан нам болон Бүгд найрамдах намынхан холбооны урт хугацааны төсвийн асуудлаар нэг ч удаа тохиролцоонд хүрч чадаагүй юм. Өнгөрсөн оны сүүлчээр л гэхэд улстөрчид Мексиктэй хиллэдэг хэсэгт хана барих ажлыг төсөвт суулгах асуудлаас болоод төсвөө баталж чадалгүй Засгийн газрын үйл ажиллагаа нь Америкийн түүхэнд байгаагүй хамгийн удаан хугацаагаар зогссон.

Өөрөөр хэлбэл, өнгөрсөн онд 12 дугаар сарын 22-нд төсөв батлагдаагүйн улмаас Засгийн газрын үйл ажиллагаа нь зогсож, төрийн албан хаагчид нь 35 хоног хүчээр амарсан юм. Шинжээчдийн тооцоолсноор, "шатдаун"-аас болоод Америкийн эдийн засаг дор хаяж зургаан тэрбум ам.долларын алдагдал хүлээжээ.

Сенат дахь олонхийг бүрдүүлдэг Ерөнхийлөгчийн намынхан буюу Бүгд найрамдахчууд батлан хамгаалах зардлаа нэмж, боловсрол, эрүүл мэндийн төсвийг танах, гадаадын улс орнуудад үзүүлэх тусламжаа багасгахыг шаарддаг байна. Харин Төлөөлөгчдийн танхим дахь олонх ардчилсан намынхан хана барихын оронд санхүүжилтээ дотоод хөтөлбөрүүддээ чиглүүлэх нь зөв гэж үздэг байна. Тиймээс хууль батлагчид өнгөрсөн 10 дугаар сараас эхэлсэн 2020 оны санхүүгийн жилийн төсвийг батлахын тулд зөвшилцөлд хүрэх шаардлагатай болоод байгаа билээ.

Нийтэлсэн: Mонголын радио

Дональд Трамп түр санхүүжилтийн тогтоолд гарын үсэг зурлаа  
Үзсэн: 776 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй