Шууд Chart

Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит 4 байгууллагыг татан буулгана

2026-07-23 16:56:46

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн XII хуралдаан өнөөдөр болж, нийт 17 асуудал хэлэлцлээ.

Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийг чанартай хүнсний бараа бүтээгдэхүүнээр тасралтгүй хангах үйл ажиллагааны бодлогын чиглэлийг боловсруулах, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Тус ажлын хэсгийн санал, дүгнэлтийг нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Г.Жаргалсайхан танилцууллаа.

Нийслэлийн төрийн өмчийн 158 сургууль үдийн хоол хөтөлбөрийг хэрэгжүүлж, 156928 суралцагчийг хамруулж байна. Төрийн өмчийн 327 цэцэрлэг 100039 хүүхдийг хоол хүнсээр хангаж байна. 158 сургуулиас 116 нь үдийн хоолыг бие даан хийж байгаа бол 42 сургууль тоног төхөөрөмж, хүний нөөцийн дутагдлаас үүдэн хувийн ААН-үүдийг түрээсэлдэг. Цахим дэлгүүрээр хүнс хангамжийн үйл ажиллагааг зохион байгуулах эрх зүйн зохицуулалттай. Өнгөрсөн хугацаанд хүнс хангамжийн дөрвөн байгууллагаар дамжуулан худалдан авалтыг хийдэг байсан.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Бизнесийн хийж чаддаг зүйлийг төр хийхгүй байх бодлого баримталж, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит дөрвөн байгууллагыг татан буулгасан. Хоол хүнстэй холбоотой асуудал учир бид маш болгоомжтой хандах шаардлагатай. Хүнс хангамжтай холбоотой асуудлаар дахин төлөвлөгөө гаргаж, салбаруудын уялдаа холбоог хангах, ААН-үүдтэй уулзалт зохион байгуулж, шийдэл гаргаж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгож байна” гэв.


Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит 4 байгууллагыг татан буулгана  
Үзсэн: 70 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй