Шууд Chart

Улс орнууд БНХАУ-аас дипломат ажилтан болон иргэдээ татаж авахаар ажиллаж байна

2020-01-28 18:02:58

БНХАУ-д шинэ коронавирусийн халдвар дэгдэж, зарим улс оронд тархаад байгаатай холбогдуулан дэлхийн улс орнууд дипломат ажилтнууд болон иргэдээ татаж авах тухай мэдээллийг дэлхийн хэвлэл мэдээллийн байгууллага дамжуулсаар байна. Бид “Ройтерс” агентлагийн мэдээллийг орчуулан хүргэж байна.

- Франц улсын иргэдийг Ухань хотоос авчрах эхний онгоц лхагва гарагт Парис хотоос хөөрч дараагийн өдөр нь нутагтаа буцаж ирэхээр төлөвлөж байна. Энэ нислэгээр халдварын шинж тэмдэг илрээгүй хүмүүсийг тээвэрлэх юм. Эхний нислэгээр ирсэн хүмүүсийг тусгаарлалтад авах бөгөөд хоёр дахь нислэгээр шинж тэмдэг илрээд байгаа хүмүүсийг авчрахаар төлөвлөжээ. Одоогоор хоёр дахь нислэгийн өдрийг товлоогүй байна.

- БНСУ-ын Ерөнхий сайд Чун Сие-Кун мягмар гарагт мэдээлэхдээ БНСУ-ын иргэдийг Ухань хотоос авчрах тусгай нислэгийг пүрэв гараг гэхэд тус хотод очсон байхаар төлөвлөж байгааг дуулгалаа.

- Япон улс иргэдээ авчрах онгоцыг мягмар гарагийн орой Ухань хот руу нисгэнэ. Гадаад харилцааны сайд Тошимицү Мотэги хэлэхдээ 650 орчим иргэн Япон руу ирэхээр төлөвлөж байгаа бөгөөд тусгай нислэгийн онгоц 200 хүний багтаамжтай гэжээ. Мөн тэрбээр Токиогоос лхагва гараг гэхэд Ухань руу явах бусад нислэгүүдийг гаргах тал дээр ажиллаж байна гэсэн байна. Токиогийн “Ханеда” нисэх буудалд газардсан даруйдаа шинж тэмдэг илэрсэн хүмүүсийг эмнэлэгт шилжүүлнэ. Шинж тэмдэг илрээгүй хүмүүс гэртээ харьж, ажил сургуульдаа явах боломжтой аж. Гэхдээ олон хүн цугласан газраас аль болох зайдуу байх, халуунаа өдөрт 2 удаа үзэж байхыг зөвлөсөн байна.

- Казахстан улс Ухань хотод амьдардаг 98 оюутнаа эх орондоо авчрах талаар Бээжинд хүсэлт явуулсан гэж Гадаад харилцааны сайд Шухрат Нуришев мэдэгдлээ.

- Герман улс БНХАУ-ын Ухань хот орчим байрладаг 90 иргэнээ нүүлгэн шилжүүлнэ.

- Морокко улс Ухань орчим байрладаг 100 иргэнийг эх орондоо авчрахаар төлөвлөөд байна. Тэдний олонх нь оюутан ажээ.

- Испани улс Ухань орчмоос испани үндэстнүүдийг эргүүлэн татах асуудлыг БНХАУ болон Европын холбоотой зөвшилцөж байгаа талаар Гадаад харилцааны сайд Аранча Гонзалез мэдэгдлээ.

- АНУ Ухань хот дахь Консулын газраас ажилчдаа нүүлгэн шилжүүлнэ. Ингэхдээ зарим иргэнд нүүлгэн шилжүүлэх үйлчилгээ үзүүлнэ гэлээ. Тусгай нислэг нэгдүгээр сарын 28-ны өдөр Ухань хотоос Сан Франциско хот руу ниснэ.

- Канад улсын Гадаад харилцааны сайд даваа гарагт “Ухань хотын орчимд Канадын 167 иргэн байдаг. Одоогоор 8 хүн Консулын газрын тусламжийг авч байгаа” гэж мэдээлсэн. Тэрбээр одоогийн байдлаар иргэдийг нүүлгэн шилжүүлэх талаар ямар нэгэн төлөвлөгөө гараагүй байгааг мэдээллээ.

- БНХАУ дахь ОХУ-ын Элчин сайдын яамнаас “Хубэй мужийн Ухань хот дахь ОХУ-ын иргэдийг нүүлгэн шилжүүлэх талаар БНХАУ-тай зөвшилцөж байна” гэжээ.

- Нидерланд улсын Засгийн газар Ухань хот дахь 20 иргэнээ нүүлгэн шилжүүлэх талаар ямар арга байгааг эрэлхийлж байна гэж тус улсын хэвлэлд мэдэгджээ.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу БНХАУ-д тархаад байгаа шинэ коронавирусийн голомт болох Үхань хотод хөл хорионд орсон 32 монгол оюутныг эх оронд нь шилжүүлэн авах тухай албан ёсны хүсэлтийг Гадаад харилцааны яам Бээжин дэх Элчин сайдын яамаараа дамжуулан Хятадын Гадаад хэргийн яаманд ноот бичгээр хүргүүлээд байгаа юм. 


Улс орнууд БНХАУ-аас дипломат ажилтан болон иргэдээ татаж авахаар ажиллаж байна   
Үзсэн: 1294 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй