БНСУ-д шинэ коронавирусний халдварын нөхцөл байдал, Засгийн газар, эрүүл мэндийн байгууллагаас хэрэгжүүлж буй арга хэмжээ, нийт иргэд анхаарах асуудлуудын талаарх мэдээлэл, зөвлөмжийг Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн удирдлагын төв өдөр бүр 11:00 цагт, Халдварт өвчин судлалын үндэсний төв 14:00, 17:00 цагт тогтмол мэдээлж байна.
Өнөөдөр буюу 2020 оны гуравдугаар сарын 2-нд Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн удирдлагын төвөөс хийсэн мэдээллийг дор хүргэж байна.
-Дэгү хотод эмнэлгийн ор дутагдалтай байгаагаас ор гарахыг хүлээх, хүнд өвчтөн нас барах асуудал гарсантай холбоотойгоор хотын Боловсрол сургалтын төвийг түшиглэн “Дэгү-1 эмчилгээний төв”-ийг гуравдугаар сарын 2-ноос эмнэлгийн зориулалтаар ашиглаж эхлэв. Уг төв нь биеийн байдал нь хөнгөн 160 өвчтөн эмчлэх хүчин чадалтай.
-Коронавирусний халдвар нэмэгдэхээс урьдчилан сэргийлэх, тархалтыг тогтоон барих хүрээнд халдварын голомтод ажиллаж буй эмч, сувилагч нарыг хамгаалалтын хувцас, амны хаалт (N95) зэрэг шаардлагатай хэрэгслээр шуурхай хангаж байна. Нэгдүгээр сарын 20-ноос хоёрдугаар сарын 29-ний хооронд улсын хэмжээнд эмнэлгийн ажилтнуудад нийт 580 мянган ширхэг хамгаалалтын хувцас, 1 сая 390 мянган ширхэг тусгай зориулалтын амны хаалт хуваарилсан байна.
-Эмнэлгүүдэд цусны нөөц, хангалтыг сайжруулахад анхаарч ажиллах хүсэлтийг Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн удирдлагын төвөөс Эрүүл мэндийн яам, орон нутгийн засаг захиргааны байгууллагуудад хүргүүлээд байна.
-Гуравдугаар сарын 2-ны байдлаар албан ёсны худалдааны цэг болох шуудангийн салбар, Ханару Март супермаркет, эмийн сан зэрэг газруудаар дамжуулан иргэдэд 5 сая 880 мянган ширхэг амны хаалт худалдаад байна. Засгийн газар амны хаалтын нийлүүлэлтийг цаашид нэмэгдүүлэх, тогтворжуулах, үйлдвэрлэгчдэд дэмжлэг үзүүлэх, энэ талаарх шаардлагатай мэдээллийг иргэдэд хүргэх талаар онцгой анхаарч байна.
МОНГОЛ УЛСААС БНСУ-Д СУУГАА
ЭЛЧИН САЙДЫН ЯАМ
| “Дэгү-1 эмчилгээний төв”-ийг өнөөдрөөс эмнэлгийн зориулалтаар ашиглаж эхлэв | ||
| Үзсэн: 1051 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.