Шууд Chart

БНФУ улс орон даяар гурав дахь удаагаа хөл хорио тогтооно

2021-04-02 13:27:24

Франц улсад коронавирусний шинэ мутацийн халдвар эрс нэмэгдсэнтэй холбогдуулан тус улсын засгийн газар 19 мужид хэрэгжиж байгаа хөл хорионы дэглэмээ улс орон даяар болгон өргөжүүлэхээр болжээ. Улс орон даяар гурав дахь удаагаа тогтоож байгаа хөл хорионы хугацаанд муж хооронд орж гарах хөдөлгөөнийг хааж, сургууль, цэцэрлэг, өндөр өнжүүлэх төвүүдийн үйл ажиллагааг 4 дүгээр сарын 26-ныг хүртэл зогсоох юм байна. Францын гурав дахь удаагийн хөл хорио энэ сарын 3-наас хойш дөрвөн долоо хоногийн хугацаанд буюу 5 дугаар сарын 2-ныг хүртэл хэрэгжих юм байна.

Одоо 19 мужид үдшийн 19 цагаас өглөөний 06 цаг хүртэл хэрэгжиж байгаа шөнийн хөл хориог улс орон даяар болгон өргөжүүлж, мөн нийтийн хоолны газрууд, худалдааны төвүүд, спорт төвүүд, кино театруудыг хаах юм байна. Гэхдээ задгай талбайд үйлчилгээ үзүүлдэг газрууд болон соёлын зарим үйл ажиллагааг 5 дугаар сарын дунд үеэс тодорхой хязгаартайгаар нээх боломжтойг ерөнхийлөгч Макрон онцолсон байна.

Францад коронавирусний халдварт тохиолдлын тоо 2 дугаар сарын түвшингөөс хоёр дахин нэмэгдэж, өдөрт 40 мянгад хүрч, эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлэгчдийн тоо 5 мянга давсан байна. Францын засгийн газар одоо хүн амаа вакцинжуулах явцыг түргэсгэх, 60-аас настай иргэдээ 4 дүгээр сарын 16-наас, 50-аас дээш насны иргэдээ 5 дугаар сарын 15-наас вакцинд хамруулах бодлого барьж байна.

Европын холбооны орнуудад коронавирусний вакцины нийлүүлэлт буурснаас үүдэж, Франц улс 3 дугаар сарын 29 ны байдлаар хүн амынхаа дөнгөж 11,7 хувьд нь вакцины эхний тунг хийжээ. Гэтэл нөгөө талд Европын холбооноос гарсан Британи улсад вакцинжуулалт маш хурдтай урагшилж, өнөөдрийн байдлаар хүн амынхаа 45,19 хувийг вакцинд хамруулсан байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНФУ улс орон даяар гурав дахь удаагаа хөл хорио тогтооно   
Үзсэн: 1343 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй