Япон Улсын Хуурай замын Өөрийгөө хамгаалах хүчний командлагч, генерал Арай Масаёоши Монгол Улсад ажлын айлчлал хийж байна.
Айлчлалын эхэнд тэрбээр Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалд зочилж, хошууч генерал Ч.Цогтжаргалтай албан ёсны уулзалт хийлээ.
Уулзалтаар Монгол, Японы батлан хамгаалах салбар, зэвсэгт хүчний хамтын ажиллагааны өнөөгийн түвшин, цаашдын чиглэлийн талаар санал солилцож, цэргийн инженерийн хамтарсан сургалт болон боловсон хүчин бэлтгэх хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг хэлэлцэв.
Хошууч генерал Ч.Цогтжаргал хоёр улсын зэвсэгт хүчний хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд тогтвортой өргөжиж буйг онцолж, “Зам” хамтарсан сургалт, дадлага нь бодит үр дүнтэй хамтын ажиллагааны нэг хэлбэр болж төлөвшсөнийг тэмдэглэжээ.
“Зам” сургалт, дадлагыг 2014 оноос зохион байгуулж эхэлсэн бөгөөд энэ жил 12 дахь удаагаа болж байна. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний 850 гаруй цэргийн алба хаагч хамрагдаж, цэргийн инженерийн мэргэжлийн ур чадвар, бэлтгэл, чадавхаа нэмэгдүүлжээ.
Талууд сургалтын үр дүн, хуримтлуулсан туршлагад тулгуурлан цэргийн инженерийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн зэрэгцээ мэргэжлийн сургалт, боловсон хүчний бэлтгэлийн чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нь чухал гэдэгт санал нэгдэв.
Уулзалтын дараа генерал Арай Масаёоши тэргүүтэй төлөөлөгчид Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд болж буй “Зам-2026” Монгол, Японы цэргийн инженерүүдийн хамтарсан сургалт, дадлагын явцтай танилцах юм.
Айлчлалын хүрээнд генерал Арай Масаёошиг Батлан хамгаалахын сайд Д.Батлут, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал С.Ганбямба нар хүлээн авч уулзахаар төлөвлөжээ.


| Японы Хуурай замын Өөрийгөө хамгаалах хүчний командлагч Монгол Улсад айлчилж байна | ||
| Үзсэн: 80 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.