Шууд Chart

"Pandora papers"-т нэр дурдагдсан улстөрчид тайлбар хийж эхэллээ

2021-10-05 13:16:57

Ням гарагт Олон улсын сэтгүүлчдийн эрэн сурвалжлах консерциумаас дэлхийн 91 орны 330 гаруй улстөрчдийн оффшор хөрөнгийн мэдээллийг ил болгосон нь дэлхий нийтийн анхаарлын төвд ороод байгаа юм. Тэгвэл жагсаалтад багтсан улстөрчид мэдэгдэл хийж, “Pandora Papers” дахь өөрсдөдөө холбоотой мэдээллийг үгүйсгэж эхэлцгээлээ.

Тодруулбал, “Pandora Papers”-т багтсан улстөрчид өчигдөр оройноос эхлэн оффшор дахь хөрөнгийн мэдээллүүдийн тухай мэдэгдэл хийж эхэлцгээсэн юм. Тэр дундаа эхний 5-д багтсан улстөрч бүгд тайлбар мэдэгдлээ хийсэн байна.

“Pandora Papers” нэрийн дор ил болсон дэлхийн улстөрчийн оффшор хөрөнгийн мэдээллийг олон улсын бүх агентлагууд нийтэлсээр байгаа. Оффшор хөрөнгийн мэдээллийг нийтэд ил болгоход "The Washington Pos"t, "BBC", "The Guardian" зэрэг томоохон хэвлэл мэдээллийн 150 агентлагийн  600 гаруй гаруй сэтгүүлчид оролцсон юм.

600 гаруй сэтгүүлчид татваргүй бүсэд байрладаг санхүүгийн 14 компаниас алдагдсан 12 сая орчим баримт бичгээс нэгтгэн “Pandora Papers”-ийг нэгтгэж гаргажээ. Харин үр дүнд нь  Британийн Виржинийн арлууд, Белиз, Сингапур, Швейцар, Панам зэрэг татваргүй бүсүүдэд 1000 орчим оффшор компани илэрсэн байна.

“Pandora Papers”-ийг ил гаргаж нийтэлсэн томоохон сайтуудад "Оффшор бүсийг таслан зогсооход чухал үүрэг гүйцэтгэх олон хүчирхэг улстөрчид ийнхүү хөрөнгөө хадгалж байгаа нь  тэдний засгийн газар гэмт хэрэгтнүүдийг баяжуулж, үндэстнээ ядууруулж байгаа үйлдэл юм гэжээ. Тэгвэл “Pandora Papers”-т багтсан төрийн тэргүүнүүд, тэрбумтнууд, албан тушаалтнууд хэн хэн байсан болон тэд  хариу тайлбар хийснийг одоо хүргэе.


ПАКИСТАНЫ ЕРӨНХИЙ САЙД ИМРАН ХАН

Имран Хан 2018 онд оффшор хөрөнгө, авлигатай тэмцэх уриан доор Пакистан улсын Ерөнхий сайдаар сонгогджээ. “The Washington Post” сонинд, -Имран Хан өөрийн нэр дээр оффшор компани нээгээгүй боловч түүний тойрон хүрээлэлд байгаа хүмүүс, нэн ялангуяа түүний засгийн газрын сайдаас эхлээд намаа санхүүжүүлдэг шилдэг хандивлагч нь багтжээ хэмээн нийтэлсэн. Имран Хан “Pandora Papers”-ийн ил болгосон нийтлэлд өөрийн твиттер хуудсаараа дамжуулан хариу тайлбар өгсөн байна.


ИОРДАНИЙН ХААН АБДУЛЛА II

II Абдулла хаан татварын оффшорт бүртгэлтэй компаниудаар дамжуулан Их британи болон АНУ-д 106 сая доллароос дээш үнэтэй 14 байшин худалдаж авсан хэмээн “Pandora Papers”-ий-т онцолсон байна. Худалдан авсан үл хөдлөх хөрөнгөнүүд Лондонгийн төв ба Вашингтон хотод байрлах өндөр зэрэглэлийн орон сууцнууд юм.


КЕНИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ УХУРУ КЕНИАТА

Кенийн Ерөнхийлөгч Ухуру Кениатагийн гэр бүл арван жилийн турш оффшор бүс буюу татварын диваажинд хөрөнгөө хуримтлуулж байжээ. “Pandora Papersт бичигт түүний гэр бүлийг Виржинийн болон Панамд бүртгэлтэй 7 аж ахуйн нэгж эзэмшдэг болохыг харуулжээ.


ЧЕХИЙН ЕРӨНХИЙ САЙД АНДРЕЙ БАБИШ

Чех улсын популист Ерөнхий сайд улс төрд орохоосоо өмнө 2009 онд Францын Ривьераас үл хөдлөх хөрөнгө худалдаж авахын тулд оффшор компаниудаар дамжуулан 22 сая долларыг нууцаар шилжүүлсэн гэж мэдэгджээ. Bloomberg -ийн мэдээлснээр ойролцоогоор 3.4 тэрбум долларын хөрөнгөтэй бизнесмен 2017 онд Ерөнхий сайд болсноосоо хойш элитүүдийн эсрэг тэмцэж, татвараас зайлсхийгч этгээдүүдэд хатуу арга хэмжээ авахаа амлаад байгаа юм.


ИХ БРИТАНИЙН ЕРӨНХИЙ САЙД АСАН ТОНИ БЛЭЙР

Их Британийн ерөнхий сайд асан Тони Блэйр болон түүний эхнэр Чери Блэйр нар Лондонд таун хаус худалдаж авахдаа 312,000 фунт стерлинг зарцуулжээ. Ингэхдээ үл хөдлөх хөрөнгийн худалдан авалтын татвар 423,000 доллар төлөхөөс зайлсхийсэн хэмээн BBC агентлаг мэдээлэв. Одоо энэ үл хөдлөхөд нь Cherie Blair -ийн хуулийн фирм үйл ажиллагаагаа явуулдаг байна. Улстөрчдөөс гадна Колумбийн поп од Шакира, Германы супер модель Клаудиа Шиффер, Энэтхэгийн крикетийн од Сачин Тендулкар зэрэг олны танил хүмүүсийн оффшор компани ашиглан татвараас зугтсан баримтууд ил болжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

"Pandora papers"-т нэр дурдагдсан улстөрчид тайлбар хийж эхэллээ  
Үзсэн: 922 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй