
УИХ-ын 2022 оны намрын ээлжит чуулганы 2023 оны нэгдүгээр сарын 05-ны өдрийн хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар найман асуудал хэлэлцэхээр танилцуулав. Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Хууль санаачлагч хэлэлцүүлгийн аль ч шатанд санаачилсан хууль, тогтоолын төслөө татан авч болно” хэмээн заасан байдаг. Хууль, тогтоолын төслөө татан авах тохиолдолд тухайн төсөл нь хэлэлцүүлгийн аль шатанд байгаагаас үл хамааран хууль санаачлагч хууль, тогтоолын төслөө татан авах үндэслэлээ тусгасан албан бичгийг УИХ-д ирүүлэх бөгөөд УИХ-ын дарга нэгдсэн хуралдаанд энэ тухай танилцуулснаар хууль санаачлагч хууль, тогтоолын төслөө татан авсанд тооцдог зохицуулалттай.
Энэ дагуу Засгийн газраас 2023 оны нэгдүгээр сарын 03-ны өдөр ирүүлсэн албан бичгийг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцууллаа. Засгийн газар 2022 арван нэгдүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг татан авч буйгаа мэдэгджээ. Иймд дээрх хуулийн төсөл хэлэлцэх асуудлын дарааллаас хасагдаж, долоон асуудал хэлэлцэхээр тогтлоо.
Чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. УИХ-ын 2022 оны арван хоёрдугаар сарын 30-ны өдрийн үдээс хойших чуулганы нэгдсэн хуралдаанаар төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл хүсэлт гаргаж, уг асуудлаар гурав хоногийн завсарлага авсан.
Завсарлагын хугацаа өнөөдөр дуусч, ийнхүү хэлэлцүүлэг үргэлжлэн, санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон УИХ-ын 47 гишүүний 26 нь буюу 55.3 хувь нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх нь зүйтэй хэмээн дэмжлээ. Иймд төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүлэв.
УИХ: Хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ | ||
Үзсэн: 236 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.