
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2023 оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанаар Монгол Улс, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Ухаалаг засаглал II төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв.
Хуулийн төслийн талаар Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал танилцуулсан юм.
Сайд Н.Учрал, Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацитай хамтран хэрэгжүүлэх “Ухаалаг засаг-2 төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрт 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гарын үсэг зураад байна.
Нэгдсэн Үндэстний Байгууллага /НҮБ/-аас гаргадаг “Иргэдийн цахим оролцооны индекс”-ээр Монгол Улс 2022 оны байдлаар 74 дүгээр байрт, “Дижитал өрсөлдөх чадварын индекс”-ээр 62 дугаарт байрт, Олон Улсын цахилгаан холбооны байгууллагаас гаргадаг кибер аюулгүй байдлын индексээр 120 дугаар байрт тус тус орсон байгаа нь манай улсын хувьд мэдээллийн технологийн дэвшлийг ашиглаж авлигыг бууруулах, эдийн засгийн өсөлтийг дэмжих, төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай байгааг харуулж байна гэлээ.
Тус төслийн нэгдүгээр үе шат болох “Ухаалаг засаг-1 төсөл”-ийг хэрэгжүүлсэн бөгөөд Төрийн үйлчилгээний нэгдсэн платформ системд төрийн 62 байгууллагын 665 үйлчилгээ, хөдөө орон нутагт 1,016 үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, Ухаалаг газрын харилцааны системийг идэвхжүүлэн 103 мянга гаруй иргэн үйлчилгээг хүргүүлсэн. Мөн Улсын бүртгэлийн байгууллагаас 242,005 иргэнд тоон гарын үсгийн гэрчилгээг иргэний үнэмлэхэд суулгаж, олгосон байна.
Цаашид төрийн цахим үйлчилгээний суурь зөөлөн дэд бүтэц болох үндсэн болон дэмжих системийг өргөтгөн хөгжүүлж, бүх шатны төрийн байгууллагыг холбох дундын үүлэн шийдлийг нэвтрүүлж, Үндэсний дата төвийн хүчин чадлыг нэмэгдүүлэн, тоон гарын үсгийн дэд бүтцийг иж бүрнээр нь шинэчлэн, хэрэглээг нэмэгдүүлж, төрийн байгууллагын цахим албан бичиг солилцоог хурдасгах зорилгоор “Ухаалаг засаг -2 төсөл”-ийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа аж.
Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциациас авч ашиглах 29.5 сая зээлжих тусгай эрхийн эх үүсвэр нь жилийн тогтмол 2 хувийн хүүтэй, эхний 5 жил үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөж, 30 жилийн хугацаанд эргэн төлөх нөхцөлтэй бөгөөд Олон улсын гэрээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2 дахь хэсэгт заасны дагуу “гадаад улсын болон олон улсын банк, санхүүгийн байгууллагаас авах зээлийн ерөнхий нөхцөлийн талаарх олон улсын гэрээ” тул Улсын Их Хурлаар заавал соёрхон батлуулах шаардлагатай юм байна.
Танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн гараагүй бөгөөд Байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан дээрх төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцсэн талаарх 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн тус Байнгын хорооны санал, дүгнэлтээр Засгийн газарт чиглэл болгож хүргүүлсэн үүргээс дөрвийг нь тусгаагүй байгааг цаашид анхаарах нь зүйтэй гэдгийг ажлын хэсэгт анхааруулсан юм.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг соёрхон батлахыг дэмжсэн бөгөөд Байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлахыг дэмжив | ||
Үзсэн: 293 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.