
УИХ-ын 2022 оны намрын ээлжит чуулганы 2023 оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар “Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаарх Ерөнхий хяналтын сонсголын тайлантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Энэ талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа Байнгын хорооны 2023 оны 01 дүгээр сарын 17-нь өдрийн хуралдаанаар тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулах үед Упсын Их Хурлын гишүүн С.Чинзориг төслийн 2 дахь заалтын б дэд заалтыг “2021, 2022 онуудад 1072 ширхэг хувьцааны ногдол ашиг авч чадаагүй иргэдэд хувьцааны ногдол ашгийг нөхөн олгох асуудлыг хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэх” гэж өөрчлөх зарчмын зөрүүтэй санал гаргасныг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3-т заасныг баримтлан санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх дэмжсэн гэдгийг онцолсон.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул Эдийн засгийн байнгын хорооноос төслийн 1 дэх хэсгийн 2 дахь заатын “б" дэд заалтын “нөхөн олгох” гэсний дараа “асуудлыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэх.” гэж нэмэх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх, мөн Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 56.1 хувь нь тус тус дэмжив.
Үргэлжлүүлэн “Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн. Тогтоолын төсөлд Монгол Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатарыг Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлөхөөр тусгасан байв. Уг тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 62.8 хувь нь дэмжлээ.
Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг батлав | ||
Үзсэн: 249 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.