Өнөөдөр АНУ-ын Айова мужид 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах намаас хэн нэр дэвшихийг тодруулах анхан шатны хурал буюу сунгаа эхэлж байна. Уг сунгаанд АНУ-ын ерөнхийлөгч асан Доналд Трамп болон өөр бусад гурван эрхэм өрсөлдөж байна. Ерөнхийлөгчийн сонгуульд хэн нэр дэвшихийг муж улсын иргэд орон нутгийн цагаар Даваа гарагийн 19 цагт олон нийтийн газруудад цуглаж, хуралдаж хэлэлцсэний үндсэн дээр санал өгөх юм. Иргэд олон нийтийн газар цуглах гэж байгаа энэ өдөр Айова мужид цаг агаар эрс хүйтрэх тул сонгогчид хувийн бэлтгэлээ базааж, даарч хөрөхөөс сэргийлэхийг Доналд Трампын сонгуулийн сурталчилгааны баг болон бусад нэр дэвшигчид зөвлөж байна.
Айова мужид болж байгаа ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаа үндсэндээ ирэх 11-р сард болох ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас хэн нэр дэвшихийг тодруулах гол шийдвэрлэх мөч гэсэн үг. Энэ сунгаанд ерөнхийлөгч асан Доналд Трамп сонгогдох нь ойлгомжтой, бусад нэр дэвшигчээсээ хол илүү рейтингтэй байна гэдгийг орон нутгийн хэвлэлүүд болон олон улсын агентлагууд бичиж байна. Орон нутгийн зарим хэвлэлүүд Трамптай өрсөлдөж байгаа Никки Хэйли, Рон ДеСантис нарын хэн нь хоёрдугаар байрт түүний араас жагсах бол гэсэн сонирхолтой хүлээлт үүсгээд амжсан байна. Никки Хэйли нь НҮБ-д АНУ-ыг төлөөлөн сууж байсан суурин төлөөлөгч бол Рон Десантис нь Флорида мужийн захирагч юм. Өнөөдрийн сунгаанд тодорхой хэмжээнд нөлөө үзүүлж байгаа нэг зүйл нь цаг агаарын таагүй нөхцөл байдал болж байна. Даваа гарагт энэ мужид шөнөдөө цельсийн 30 градус хүрч хүйтрэх төлөвтэй байгаа нь цаг агаарын онц ноцтой үзэгдэл гэж тооцохоос өөр аргагүй гэж ажиглагчид үзэж байна. Зарим хэвлэлүүд Доналд Трампын дэмжигчид хүйтнээс болж сунгаанд санал өгөхөөр цугларахгүй байх магадлалтай гэж байгаа ч Трампын дэмжигчид хүйтнийг ажрахгүй ирж түүнд заавал санал өгнө гэдгээ илэрхийлсээр байна. Доналд Трамп ч мөн дэмжигчдэдээ хандаж “Та нар гэртээ суугаад байж болохгүй. Осголоо ч саналаа өгч чадвал хүйтэнд зогссоны хэрэг гарна шүү дээ” гэж хошигносон маягаар хэлээд амжсан байна. Одоогоор Айова мужийн төв гудмаар Трампыг дэмжигч 500 орчим сонгогч түүний нэрийн хуудас болсон улаан саравчтай малгайгаар хосолж, дулаан хувцаслан сунгааны цагийг хүлээж байна. Трамптай өрсөлдөж байгаа Хэйли, Десантис нар ч мөн хэвлэл болон цахим хуудсаараа дамжуулж гадаа хүйтэн байгаа ч өөрсдийг нь дэмжихээр ирэхийг сонгогчдоосоо хүссэн байна. Одоогийн байдлаар Доналд Трамп 48 хувийн рейтингтэй яваа бол Хэйли 20 хувийн рейтингтэй, ДеСантис 16 хувийн рейтингтэй байна. Айова мужийн Бүгд Найрамдах намын сунгаа иймэрхүү маягтай болж өнгөрөх бол Ардчилсан намын сунгаа арай өөр хэлбэрээр явагдана. Тэд нэр дэвшигчээ шуудангийн сүлжээ ашиглаж сонгоно гэж мэдээлсэн байна.
Айова муж улсад АНУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшигчийг сонгох сунгаа эхэлж байна | ||
Үзсэн: 714 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.