
Хүн төрөлхтөн байгалийн баялгаар тэжээгдээд хэдэн зууныг үдэж байна. Дэлхий дээр байгалийн баялгийнхаа үр шимийг хүртээд иргэд нь хоосон хонохгүй, эдийн засаг нь тогтворжсон улс орон цөөнгүй бий. Харин уул, уурхайгаа ашиглаж эхэлж байгаа, байгалийнхаа баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулж, хараахан хөл дээрээ тогтож амжаагүй орон манайхаас эхлээд бас байна. Би Монгол Улсыг байгалийн баялгаа ашиглаж эхэлж байгаа гэдэгт багтаан ойлгоод байгаа юм. Уул уурхайн олборлолт явуулж эхлээд багагүй хугацаа өнгөрсөн хэдий ч Монголд энэ хөгжлийг дагалдах зүйл орхигдсонд ийн хэлж буй хэрэг л дээ.
Эх орон минь гурав хүрэхгүй сая хүн амтай. Тэднийгээ тэжээгээд, улс орныхоо хөгжлийг тэтгээд явчих их баялагтай. Энэ тал дээр хэнтэй ч маргах хэрэггүй. Гэвч уул уурхайн хөгжил Монголд яг зөв голдирлоор явж байна гэхэд бас эргэлзээтэй байгаа юм. Байгалийн баялгийг олборлож байгаа бол түүнийг нөхөн сэргээнэ гэдэг хамгийн гол ажил байдаг. Гэтэл Монголын уул уурхайн олборлолтын дараах нөхөн сэргээлт хамгийн том асуудал болоод байна. Энэ нь уул уурхайн хөгжил буруу замаар будаа тээж буйг нотлож байгаа хэрэг. Монголд сүүлийн үед уул уурхайн үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж байгаа. Үүнийг дагаад уулыг тал, талыг там, усыг шалбааг болгох “кампанит” ажил эх орны минь дөрвөн зүг, найман зовхист өрнөж эхэлсэн билээ. Үнэнийг хэлэхэд, Монголд уул уурхайн үйлдвэрлэл эрхлээд нөхөн сэргээлтийг ор тас орхигдуулдаг компани олон байгаа. Тэдний балгаар байгаль орчин сүйдэж, зарим аймаг, сумын иргэд ундны усгүй, малын бэлчээргүй, бууриа сэлгэх газаргүй болсон баримт байна. Мөн байгалийн баялгаас хүртдэг ч хуурамч нөхөн сэргээлт нэртэй халтуурын ажил хийдэг компаниуд байгаа юм. “Ногоон аврал” хөдөлгөөнийхөн “Монгол газар”, “Эрэл”, “Алтан дорнод Монгол”, “Их хөвчийн жонон” гээд гадаад, дотоодын олон компани нөхөн сэргээлт хийсэн гэдэг ч начир дээрээ олигтой ажил хийгээгүйг нь нийтэд зарлаад буй. Компаниуд ийн нүд хуурах нь Монголд уул уурхайн үйлдвэрлэлтэй холбоотой эрхзүйн орчныг сайжруулах зайлшгүй шаардлага байгааг сануулж байна. Уул уурхайн нөхөн сэргээлтийг олборлолт хийсэн газрынхаа хэмжээгээр хийх ёстой байтал эдгээр компани ашиглалт явуулсан зурвас газартаа хийсэн төдий байсан аж. Компаниудын нөхөн сэргээлт хийгээгүй орхисон талбайд жижиг компани, хувь хүмүүс үргэлжлүүлэн ажиллаж, алтыг нь авч авдрыг нь хаясаар байгаа нь байгаль орчинг сүйтгэх эх үүсвэрийг улам дэлгэрүүлж байгаа гэхэд дэгсдүүлсэн болохгүй. “Нинжа” гэх нэр хаягтай болсон хүмүүс уул уурхайн компаниудын ашиглаад нөхөн сэргээгээгүй орхисон, нөхөн сэргээлт хийсэн гэж нүд хуурсан газарт нь “тухлан” суурь үүсгээд шоргоолж мэт бужигналдаж байна. Өнөөдөр тэнд хэчнээн хүн байгаль сүйтгэж буйг нарийвчлан хэлэх аргагүй. Уул уурхайн үйлдвэрлэл эрхэлж буй нэрийдлээр байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байгаа компаниудыг нутгийн иргэд эсэргүүцэх нь олонтаа. Хэдийгээр бухимдсан иргэд хөөцөлдөн гүйсээр хууль бус үйлдэл гаргасан компаниудад эрүүгийн хэрэг үүсгүүлдэг ч удалгүй “Экологид учруулсан бодит хохирол байхгүй” гэх үндэслэлээр эдгээр хэргийг хэрэгсэхгүй болгодог тухай нутгаа сүйдлүүлсэн малчин, зон олон ярьж байна. Газрын хэвлийг нээсэн л бол баялгийг нь бүгдийг нь ав, сорчилж ухаж болохгүй гэдгийг хуульд заасан ч энэ заалт амьдрал дээр хэрэгждэггүй.
Үе үехэн сумын Засаг дарга нар, малчид хотод ирж уул уурхайтай холбоотойгоор орон нутагт нь үүсээд буй нөхцөл байдлыг мэдээлдэг болоод удаж байна. Тэдний нутгаа хамгаалж буй ганц арга нь энэ болоод байгаа гэж ойлгож болно. Уул уурхайн хууль бус олборлолт, нөхөн сэргээлт хийгээгүй газар, хүн зон нь уух усаар дутсан байдал гээд тэдний хийх мэдээллийн цар хүрээ өөр, өөр. Гэвч энэ бүхэн эцэстээ уул уурхайн олборлолт Монголд ямар эмх замбараагүй өрнөж буйг гэрчилдэг.
Энэ нийтлэлээрээ байгалийнхаа баялгийг хав дараад хэвтээд байгаарай гэсэнгүй. Түүнийг бид эргэлтэд оруулж, эдийн засгаа бэхжүүлэх ёстой. Зүй зохистой ашиглахыг л сануулж буй хэрэг. Ингэхийн тулд нөхөн сэргээлтийн хариуцлагын тогтолцоог сайжруулах, чанаржуулах, ард олны хараа хяналтад хариуцуулах, нөхөн сэргээлт хийж байгааг нь дэмжиж, хийхгүй байгаатай тэмцэх хэрэгтэй байна.
Уул уурхайн үйлдвэрлэл эрчимтэй явагдаж эхэлснээс хойших хугацаанд 2011 оны байдлаар Монгол Улсын хэмжээнд уул уурхайн хайгуул, олборлолтын үйл ажиллагааны улмаас 20 401.3 га газрыг эвдрэлд оруулжээ. Үүний 22.4 хувьд нь нөхөн сэргээлт хийж, одоогоор 3984.46 га талбайд нөхөн сэргээлт хийлгүй орхигдсон байна. Эдгээр газруудад уурхайн шүүрлийн болон хур борооны уснаас үүссэн усны хуримтлалаас олон тооны үүсмэл нуур бий болжээ. Үүсмэл нуурууд хүнд металлаар бохирдсон хүчиллэг ус үүсгэж, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлж эхэлсэн нь анхаарал татсан асуудал болоод байна. Энэ бохирдол нь тухайн орчны экосистемд ноцтой нөлөөлөөд зогсохгүй мал, амьтнаар дамжин хүнс тэжээлийн гинжин хэлхээнд орж, хүний эрүүл мэндэд ноцтой нөлөө үзүүлэх аюултай. Одоогоор Монгол Улсад үйлчилж буй хууль эрхзүйн орчны хүрээнд уул уурхайн олборлолт хийсэн газарт техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийгдэж байгаа ч уурхайн шүүрлийн ус, хүчиллэг урсацыг байгаль орчинд сөрөг нөлөөгүй түвшинд хүртэл цэвэрлэх олон улсад хэрэглэгддэг стандарт үйлчилж байгаа ч цаашид эрх зүйн орчинг илүү боловсронгуй болгох шаардлага байна. Түүнчлэн орхигдсон газрын нөхөн сэргээлтийг хийх хууль эрхзүйн зохицуулалтыг бий болгох хэрэгтэй юм.
БОНХЯ-наас энэ оны хагас жилийн байдлаар 100 гаруй аж ахуйн нэгж нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан гэх мэдээ байна. Эдгээр аж ахуйн нэгж зөвхөн техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийж байна. Тодруулбал, газрыг тэгшлэх, дээр нь ургамал тарих зэргээр л нөхөн сэргээлтийг хийдэг аж. Энэхүү үйл ажиллагаа нь бохирдлыг багасгах, орчны нөлөөллийг бууруулж чаддаггүй харин ч уул уурхайн хаягдлаас орчинд тархах хортой бодис нь хөрсний болон хур борооны усанд уусан гүний ус, хөрсийг бохирдуулах, улмаар хүн, мал, амьтны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлсөөр буй юм.
Дэлхийд уул уурхайгаас үүдэлтэй гамшиг бий болж байна. Газрыг доогуур нь ухсанаас бүхэл бүтэн хот цөмрөөд орсон тохиолдол ч бий юм. Нөхөн сэргээлт хийгээгүй компаниудын удирдлагуудтай уулзахад олонх нь “Нөхөн сэргээлтийн талаар мэдлэггүй. Манай компанид ийм мэргэжилтэн ажилладаггүй. Мэргэжлийн талаас мэдлэг дутдаг. Нөхөн сэргээлт хийж чадахгүй байна” гэж хариулдаг тухай албаны хүн хэлж байна.
Уул уурхайн олборлолт, нөхөн сэргээлт хоёр нэг зоосны хоёр талаас ялгаагүй зүйл. Гэвч Монголд уул уурхай ашиглаж буй компаниуд үүний нэгийг орхигдуулж, энэ нь манай орны байгаль орчинд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй хүн зоны эрүүл мэндэд хүртэл аюул учруулж байгаа юм. Нөхөн сэргээлтгүйгээр онгон дагшин байгалиа сүйдлүүлснээр “алт сандайлсан гуйлгачид” явсан нь дээр ч юм шиг. Байгалийг нөхөн сэргээнэ гэдэг хүнд ажил. Ухсан нүхийг булаад орхихтой огтхон ч адилгүй зүйл.
Нөхөн сэргээлт хийнэ гэдэг ухсан нүхийг булаад орхихтой огтхон ч адилгүй | ||
Үзсэн: 4655 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.