
Хоёр өдрийн турш “Blue sky”-д зохион байгуулагдсан “Invest Mongolia” чуулганд гадаадын 450 гаруй хөрөнгө оруулагч оролцож, Монголын зах зээлийн нөхцөл байдал болоод хөрөнгө оруулалтын цаашдын чиг хандлагын талаар ярилцлаа. Тус чуулга уулзалтыг Дэлхийн банк болон томоохон шилдэг санхүүгийн байгууллагууд ивээн тэтгэж, Дэлхийн санхүүгийн судалгааны томоохон байгууллага болох “PWC”, “Hogan Lovell”, “Moody”s”, Ази номхон далайн хөрөнгө оруулагчдын нийгэмлэг зэрэг байгууллагууд ерөнхий ивээн тэтгэгчээр оролцсон юм. Чуулганы үеэр ерөнхий зохион байгуулагч “Frontier securities” компанийн үүсгэн байгуулагч, захирал Маса Игатагаас цөөн зүйлийг тодрууллаа.
-Энэ жилийн чуулга уулзалтын зорилго юу вэ?
-Монгол Улсад эдийн засгийн уналтад орсон салбар маш их байна. Тэдгээрийг сэргээх зорилгоор гадаадын шилдэг хөрөнгө оруулагч 450 гаруй байгууллагын өнөөдрийн энэ чуулганд урьсан байгаа. Ингэснээр бусад орны ижил салбарт тохиолддог хүндрэл бэрхшээлээс гарах арга замыг суралцаж, хамтран ажиллах боломж бүрдэнэ. Монгол Улсын хувьд хамгийн эрэлттэй, хэрэгцээтэй байх ёстой салбарууд нь уналтад орчихсон байгаа нь яасан ч болохгүй зүйл юм. Тиймээс тэрхүү уналттай салбаруудыг яаралтай сэргээхэд дэмжлэг үзүүлэх зорилготой зохион байгуулагдаж буй чуулган ч гэж ойлгож болно.
-Чуулганы гол давуу тал юу байна?
-Өмнөх онуудыг бодвол тавьсан илтгэл, судалгааны үр дүн илүү бодитой санагдлаа. Түүнчлэн хөрөнгө оруулагчид бизнес эрхлэгчидтэй шууд харилцаа холбоо тогтоох боломжтой байна. Холбогдох албан тушаалтнууд бодитой зүйлийг ярьж, хэрэгцээтэй санал дэвшүүлж байна гээд олон давуу тал ажиглагдаж байгаа.
-Ямар ямар улсын хөрөнгө оруулагчид уригдаж ирэв. Тэд аль салбарт илүү хөрөнгө оруулах бодолтой байна вэ?
-Сүүлийн жилүүдэд Монголын зах зээлийг гадаадын хөрөнгө оруулагчид ихээр сонирхох болсон. Уул уурхай, барилга, төмөрийн үйлдвэр гэх мэт. Одооноос банкны салбарыг ихээр сонирхох боллоо. Чуулганд дэлхийн томоохон хөрөнгө оруулагчид болох Англи, Америк, Япон Хонконг, Сингапур гэх мэт олон улсын төлөөллүүд ирсэн байна. Ер нь Монгол Улс зөвхөн хоёр хөршөө харах биш гуравдагч хөрөнгө оруулагч байгаа шүү гэдгийг санах хэрэгтэй.
-Олон нийтийн дунд Оюутолгойн хоёр дахь шатны хөрөнгө оруулалтын талаар чих тавин сонсож байгаа. Өнөөдрийн чуулган дээр энэ талаар ярилцаж байна уу?
-Чуулганд бүхий л салбарын шилдэг хөрөнгө оруулагчид уригдсан. Яг Оюу толгойн асуудлаар голчилж ярилцсан зүйл байхгүй ч уул уурхайн компанид хөрөнгө оруулдаг томоохон компаниуд байгаа. Ер нь Рио тинтогийн асуудал дээр зөвхөн урд хөршөө харж суугаад цаг хугацаа болоод боломжийг алдаад байгаа санагддаг. Үүнийгээ л өөрчлөх хэрэгтэй дээ.
-Улс орныг хамарсан томоохон бүтээн байгуулалтад хөрөнгө оруулах санал төлөөлөгчдөд байна уу. Ийм тохиолдолд Засгийн газраар дамжуулах хэрэгтэй болно?
-Мэдээж томоохон хөрөнгө оруулалтын гэрээ, хэлэлцээр Монгол Улсын Засгийн газраар дамжин хэрэгжих ёстой. Чуулганы үр дүнгээс гарсан томоохон төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулах саналыг бид Засгийн газарт уламжилна. Энэ хоёр өдрийн чуулганд зөвхөн хөрөнгө оруулалт авах биш, хэрхэн өөртөө татах вэ гэх талаар их ярилцлаа. Үүнээс монголын бизнесийнхэн багагүй зүйлийг суралцсан байх. Албаны хүмүүс ч үүнд ам сайтай байсан.
Ийнхүү Монголын эдийн засгийг сэргээх, уналтад орсон салбарт дэмжлэг үзүүлэх чуулган болж өнгөрлөө. Өнөөдөр уул уурхайн хөрөнгө оруулагчдын “Discover Mongolia” чуулга уулзалт болно. Үүн дээр л хүлээлт үүсгээд буй Оюутолгойн хөрөнгө оруулалтын талаар ярилцаж, санхүүжүүлэлтгүйн улмаас ажилгүй болсон далд уурхайн ажилчдын ирээдүй шийдэгдэнэ гэж албаныхан таамаглаж байна.
Маса Игата: Зөвхөн хоёр хөршийнхөө хөрөнгө оруулалтад найдаад сууж болохгүй | ||
Үзсэн: 1337 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.