Шууд Chart

Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтарсан хорооны ээлжит VIII хуралдаан болж байна

2024-11-11 10:38:53

Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны ээлжит VIII хуралдаан өнөөдөр Сөүл хотноо зохион байгуулагдаж байна.
Хуралдааныг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Хамтарсан хорооны Монголын хэсгийн дарга Н.Учрал, БНСУ-ын Гадаад хэргийн дэд сайд, Солонгосын хэсгийн дарга Кан Ин Сон нар ахалж, хоёр улсын холбогдох яам, байгууллагын албаны хүмүүс оролцож байна.
Хуралдааны эхэнд талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа “Стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд бүхий л салбарт өргөжин хөгжиж, улс төрийн итгэлцэл бэхжиж, дээд, өндөр түвшний айлчлал, яриа хэлэлцээ тогтмолжиж байгааг тэмдэглээд хоёр орны худалдаа, эдийн засгийн бодит хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны механизм чухал үүрэгтэй болохыг онцлов.
Хоёр тал худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдэд зах зээл, бизнесийн илүү өргөн боломжийг нээх, эдийн засгийн хамтын ажиллагааг улам өргөжүүлэхэд Монгол, Солонгосын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг байгуулах нь чухал ач холбогдолтой гэдэгт санал нэгдэж, яриа хэлэлцээ амжилттай явагдаж буйг сайшаан тэмдэглэв.
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөрт БНСУ-аас хөрөнгө оруулалт татах, дэвшилтэт технологи, ноу-хау нэвтрүүлэх замаар эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах талаар талууд санал солилцов гэж Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас мэдээллээ. 

Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтарсан хорооны ээлжит VIII хуралдаан болж байна  
Үзсэн: 374 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй