Польшийн одоогийн Ерөнхийлөгч Анжей Дудагийн бүрэн эрх энэ онд дуусгавар болж байгаагаас 5 сарын 18-нд шинэ сонгууль явагдана. Улмаар сонгуулийн кампанит ажил албан ёсоор эхэлж 11 нэр дэвшигч одоогоор бүртгүүлсэн. Одоогийн Ерөнхийлөгч Анжей Дудагийн зүгээс байнгын хориг хаалттай тулгарч байгаа Ерөнхий сайд Дональд Тускийн засгийн хувьд энэ удаагийн сонгуулийн дүн шийдвэрлэх ач холбогдолтойг тоймчид онцолж байна.
Тийм ч учраас Туск болон түүний холбоотнууд эрх баригч “Иргэний эвсэл”-д багтсан нам эвслүүдээс нэр дэвшигч ялбал улс орныг удирдахад илүү хялбар дөхөм болно гэж найдлага тавьж байна. Хэдийгээр дахиад 2 сар хагасын туршид шинээр нэр дэвшигчид нэмэгдэх магадлалтай. Сонгуулийн ялагчийг одоогоор таах аргагүй боловч эрх баригч эвслийн гол нам “Иргэний индэр” намаас нэр дэвшигч, Варшав хотын дарга Рафал Тшасковский, Польшийн үндэсний ой санамжийн институтийн тэргүүн, бие даагчаар нэр дэвшиж байгаа боловч сөрөг хүчний гол том нам “Хууль, шударга ёс” намаас дэмжлэгтэй Кароль Навроцкий нарын хооронд гол өрсөлдөөн өрнөх төлөвтэй байна.
Сүүлийн санал асуулгаар, Рафал Тшасковский сонгогчдын 29,8 хувийн дэмжлэгтэй, Үндэсний ой санамжийн хүрээлэнгийн тэргүүн Кароль Навроцкий 22,6 хувьтай байгааг хэвлэлүүд уламжилж байна. Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн зүгээс сонгогчдын саналыг татах хүрээндээ улс орны дотоод асуудлуудад янз бүрийн шийдэл санал болгохоос гадна гадаад улс төрийн асуудлуудыг мөн идэвхтэй хөндөж байна. Тэр дунд Украины асуудал зонхилох байр суурь эзэлж байна. Польшийн төрийн тэргүүн улс төрийн шийдвэр гаргах үйл явцад гойд оролцоогүй боловч парламентаар хэлэлцэгдэж байгаа хуулийн төслүүд, засгийн газрын санаачилгуудад хориг тавих эрх эдэлдэг.
Ерөнхийлөгчийн засаглалтай Польш улсын хувьд, төрийн тэргүүн, ЗГ-ийн дарга хоорондоо харилцан ойлголцолтой байх нь улс орны удирдлага, бодлого зорилтыг хэрэгжүүлэхэд чухал нөлөөтэйд тооцогддог. Тэр ч үүднээсээ Ерөнхий сайд Тускийн улс төрийн ирээдүйд энэ сонгууль шийдвэрлэх үүрэгтэй. 5 сарын 18-нд болох эхний шатанд аль нэг нэр дэвшигч 50-с дээш хувийн санал авахгүй нөхцөлд 6 сарын 1-нд 2 дахь шат явагдах юм. Украины дайнаас үүдэлтэй аюул сорилтуудтай тулгарч байгаа Польш улс энэ жил ЕХ-г даргалж байгаа завшааныг ашиглаж Европын батлан хамгаалах чадавхыг бэхжүүлэхэд гол анхаарал хандуулахаар чармайж байгаа юм.
БНПУ-д Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил эхэлжээ | ||
Үзсэн: 553 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.