Шууд Chart

ХБНГУ-ын 2025 оны эдийн засгийн өсөлтийн төлөвийг 0.3 хувь болгож бууруулжээ

2025-01-31 14:03:51

Германы засгийн газар 2025 онд улсынхаа эдийн засгийн өсөлтийг 0.3 хувийн төлөв рүү бууруулсан байна. 1,1 хувьд байна гэж өнгөрсөн оны 10 сард тооцоолж байсан төлөвөө ингэтэл эрс бууруулах болсон нь АНУ-д Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа тогтсоноос үүдэлтэй үлэмж тодорхойгүй байдал, мөн ирэх сард бүх нийтийн сонгууль болохтой холбоотой гэж тооцогдож байна. Сүүлийн хоёр жил дараалж агшсан Германы эдийн засаг энэ онд ч ийнхүү онцгүй гүйцэтгэлтэй байх төлөв ЭЗ-ийн яамны тайлангаас нь харагджээ.

Эдийн засгийн сайд Роберт Хабек Берлинд энэ талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийх үедээ, Германы эдийн засаг зогсонги байдалд гацсаны зэрэгцээ, өнгөрсөн 11 сард Холбооны ЗГ задарсны уршгаар ЭЗ-ийн өсөлтийг дэмжих арга хэмжээ саатсан нь ийнхүү өсөлтийн төлөвийг бууруулах гол үндсэн шалтгаан нөхцөл болсон хэмээн тайлбарласан байна. Дээрээс нь ажиллах хүчин, мэргэжилтэй ажилтан дутмаг, хүнд суртлын нүсэр аппарат, хөрөнгө оруулалт сул байгаа зэрэг шалтгааныг Хабек дурджээ. Ингэж мэргэшсэн ажиллах хүч хомсдолтой байгаа ч гэлээ ажиллах хүчний эрэлт нийлүүлэлтийн харьцаа авцалдахгүй байгаатай холбоотойгоор 2025 онд Германд ажилгүйдэл 120 мянгаар нэмэгдэх төлөв гарч байгаа юм байна.

Канцлер Олаф Шольцийн тэргүүлсэн Германы Социал-Демократ, Ногоон нам, Чөлөөт Ардчилсан гурван намаас бүрдсэн эрх баригч эвсэл өнгөрөгч 11 сард төсвийн маргааны улмаас задарсан. Одоо 2 сарын 23-нд болох сонгуулиар шинэ засаг бүрдэх ёстой. Европын хамгийн том эдийн засаг Герман улсад инфляц энэ онд 2,2%-д байна гэж засгийн газар нь тооцоолж байна. Барилгын салбарын хөрөнгө оруулалт буурч, экспорт бас буурах  төлөв гарсан байна. Энэ нөхцөлд автомашин, машин үйлдвэрлэл зэрэг Германы голлох секторуудад төрийн өндөр татаастай давуу талаа ашиглаж Хятад улс гол өрсөлдөгч болохоор байгаагаас гадна АНУ Европын Холбооны худалдаанд татвар тогтоох нөхцөлд эдийн засаг нь бараг 0,5% буурна гэж германы үйлдвэрлэгчдийн эвсэл холбоод үзэж байна. Улмаар  эдийн засгийн бодлогодоо эргэлт хийж, хүнд суртлыг багасгаж, нийгмийн татвар шимтгэлийг бууруулж, дэд бүтцийг хөгжүүлэх шаардлага бүхий жагсаалууд нэгдүгээр сарын 29-нд Берлин, Штутгарт, Хамбург хотуудад болсон байна.  

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ХБНГУ-ын 2025 оны эдийн засгийн өсөлтийн төлөвийг 0.3 хувь болгож бууруулжээ  
Үзсэн: 345 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй