![](/uploads/202502/news/thumb/01b7dd2e85c71009fd3e00c3355b3bf9_x3.jpg)
Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн байдлыг үнэлж цаашид хүн амын хоол тэжээлийн байдлыг сайжруулах, эрүүл хооллолтыг дэмжих чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний зөвлөмж боловсруулах зорилгоор Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв хамтран НҮБ-ын Хүүхдийн Сангийн санхүү, техникийн дэмжлэгээр “Хүн амын хоол тэжээлийн байдал” үндэсний VI судалгааг 2023-2024 онд Монгол Улсын эдийн засгийн 4 бүс, 21 аймгийн 112 сум, нийслэлийн 8 дүүргийн анхан шатны 200 түүврийн нэгжид зохион байгуулсан.
Судалгаанд нийт 2,789 өрх, 5 хүртэлх насны 2786 хүүхэд, төрөх насны 2513 эмэгтэйчүүд (эхчүүд), 15-49 насны 1950 эрэгтэйчүүд, 2788 жирэмсэн эмэгтэйчүүд болон ЕБС-ийн 1-12 ангийн 4742 суралцагч судалгаанд хамрагдсан.
Судалгаагаар тав хүртэлх насны хүүхэдтэй өрхийн усан хангамж, ариун цэвэр, аж байдлын түвшин, хүнсний баталгаат бус байдал, иоджуулсан давсны хэрэглээ, тав хүртэлх насны хүүхдийн хооллолт, хоол тэжээлийн байдлыг судлан, хоол тэжээлээс хамааралт эмгэгийн тархалтыг өрхийн шинж байдал, эхийн хоол тэжээлийн байдалтай холбон судласан. Мөн ЕБС-ийн 6-18 насны хүүхдийн хоол тэжээлийн байдлыг судлан, хоол тэжээлээс хамааралт зарим эмгэгийн тархалтын түвшинг тогтоож, тэдний хоол тэжээлийн талаарх мэдлэг, хандлага, дадал, “Үдийн хоол”-ны талаарх сэтгэл ханамжийн байдлыг үнэлсэн.
Жирэмсэн эмэгтэйчүүдийн хооллолт, хоол тэжээлийн байдлыг судлан хоол тэжээлээс хамааралт эмгэгийн тархалтын түвшин, бичил тэжээлийн бэлдмэлийн хэрэглээ, төрөх насны эмэгтэйчүүдийн хооллолтын дадал, хүүхдийн хооллолтын талаарх мэдлэг, бичил тэжээлийн бэлдмэлийн хэрэглээг үнэлж, хоол тэжээлээс хамааралт эмгэгийн тархалт, тав хүртэлх насны хүүхэдтэй өрхийн 15-49 насны эрэгтэйчүүдийн хооллолт, хоол тэжээлийн байдлыг үнэлж, хоол тэжээлээс хамааралт эмгэгийн тархалтыг тус тус судлан тогтоосон.
Тав хүртэлх насны хүүхэд:
Тав хүртэлх насны нийт хүүхдийн 8.4% өсөлт хоцролттой, 1.5% тураалтай, 11.3% илүүдэл жинтэй, 1.3% туранхай буюу хоол тэжээлийн цочмог дуталтай байна. Тав хүртэлх насны хүүхдийн дунд бага жинтэй төрөлтийн тархалт харьцангуй бага (3.9%), харин том жинтэй төрөлт 11.8% байв. Монгол Улсын 5 хүртэлх насны хүүхдийн дунд цус багадалт “Дунд” зэргийн (21.3%) тархалттай, цус багадалттай хүүхдүүдийн дийлэнх хувь хөнгөн, хүндэвтэр хэлбэрийн цус багадалттай байна. Цус багадалтын тархалт 2 хүртэлх насны хүүхэд, ядуу өрх, боловсролгүй, бага эсвэл суурь боловсролтой эхийн, Казак хүүхдийн дунд харьцангуй түгээмэл байв.
Нийт 6–59 сартай хүүхдийн 5.7% төмөр дутлын цус багадалттай байв. Төмөр дутлын цус багадалтын тархалт хөвгүүдийн дунд охидоос 2 дахин илүү, 6–23 сартай 5 хүүхэд тутмын 1 орчим, аж байдлын түвшин доогуур өрхийн хүүхэд, боловсролгүй, бага эсвэл суурь боловсролтой эхийн хүүхдийн дунд илүү түгээмэл байна. Манай улсын 6–59 сартай хүүхдийн 14.1% ийлдэс дэх ферритиний түвшин багатай, 10.8% уусдаг трансферрин рецепторийн агууламж багатай буюу төмөр дуталтай байв. Төмөр дутлын тархалтын түвшин өмнөх судалгааны дүнгээс бага зэрэг буурсан хэдий ч, 6–23 сартай хүүхэд, Баруун бүс, ядуу өрх, Казак хүүхдийн дунд харьцангуй өндөр хэвээр байна. Мөн 6-59 сартай 2 хүүхэд тутмын 1 орчим (48.4%) Д аминдэмийн дуталтай, 3 хүүхэд тутмын 1 нь Д аминдэмийн нөөц дутмаг байдалд байв. Д аминдэм дутлын тархалт 2017 оны түвшнээс буурсан, харин Д аминдэмийн нөөц дутмаг байдалд өөрчлөлт ажиглагдахгүй байна. А аминдэм дутлын тархалт харьцангуй бага (7.1%) байгаа боловч, 10 хүүхэд тутмын 6 орчим А аминдэмийн нөөц багатай буюу дуталд өртөх эрсдэлтэй хэвээр байв.
Тав хүртэлх насны хүүхдийн 61.2% өндөр тунт А аминдэмжүүлэлтэд хамрагдсан, 79.5% ямар нэг хэлбэрийн Д аминдэмийн бэлдмэл хэрэглэсэн байна. Нийт хүүхдийн олон найрлагат бичил тэжээлийн холимгийн хэрэглээ туйлын хангалтгүй, тэдний 7.9% нь дунджаар 41 уут бичил тэжээлийн холимог хэрэглэсэн байв.
Бага насны хүүхдийн эхийн сүүгээр хооллолтын үзүүлэлтүүд өмнөх судалгааны үзүүлэлтээс төдийлөн сайжраагүй, эхийн сүүгээр хооллох хугацаа буурсаар байна. Хоёр хүртэлх насны хүүхдийн 87.4% төрөөд 1 цагийн дотор ангир уургаа амласан, 75.8% төрсний дараах эхний 2 хоногт эхийн дүүгээр дагнан хооллосон байв. Зургаан сар хүртэлх насны хүүхдийн 59.6% эхийн сүүгээр дагнан, 95.4% эхийн сүүгээр хооллохын зэрэгцээ сүүн тэжээл, малын сүү уусан байна. Монгол Улсын 6-23 сартай 10 хүүхэд тутмын 7 нь зохистой байдлаар хооллож чадахгүй байна. Хоёр хүүхэд тутмын 1 нь насандаа тохирсон давтамжаар, зохих нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр хооллож чадахгүй, 31.8% жимс, хүнсний ногоо огт хэрэглээгүй байв. Бага насны хүүхдийн нэмэгдэл хооллолтын дадлын үзүүлэлтүүд 2017 оны түвшнээс сайжраагүй төдийгүй, их тосонд шарсан эрүүл бус хүнсний хэрэглээ (42.2%) харьцангуй түгээмэл, 3 хүүхэд тутмын 1 чихэрлэг ундаа хэрэглэж байна.
Дөрөв хүртэлх насныхан төмөр дутлын цус багадалттай байна | ||
Үзсэн: 262 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.