Шууд Chart

Үндэсний бичиг үсгийн баярын нээлт боллоо

2026-05-03 15:14:46

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар зарлигийн дагуу жил бүрийн 5 дугаар сарын эхний долоо хоногийн Ням гарагт улс орон даяар өргөн дэлгэр ёслон тэмдэглэдэг Үндэсний бичиг үсгийн баярын нээлтийн ёслол  өнөөдөр Монгол Улсын Үндэсний Номын Сангийн Үнэт ховор номын музейд боллоо.

Нээлтийн ёслолд Монгол Улсын Үндэсний Номын Сангийн захирал, Соёлын Гавьяат зүтгэлтэн Баярхүүгийн Ичинхорлоо, Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн, Хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор Сэндэнжавын Дулам, Монгол Улсын Их хурлын гишүүн, доктор Дуламын Бум-Очир, "Чоймаа сан"-гийн Удирдөх зөвлөлийн дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх, доктор Чоймаагийн Лодойравсал, Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас 31 дэх жилдээ монгол бичгээр тасралтгүй эрхлэн гаргаж буй "Хүмүүн бичиг" сонины эрхлэгч, Соёлын гавьяат зүтгэлтэн Базарсадын Элбэгзаяа, МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн багш нар, тус тэнхимээс зохион байгуулдаг Ардын багш Дагвын Чойжалсүрэнгийн нэрэмжит "Монгол бичгийн улсын уралдаан"-ы шилдгүүд, олон нийтийн төлөөлөл оролцов.

Үндэсний бичиг үсгийн баярын нээлтэд Үндэсний Номын Сангийн захирал Б.Ичинхорлоо, Хөдөлмөрийн баатар С.Дулам, Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Лодойравсал нарын хүндтэй зочид үг хэлж, Монгол Улсын Үндэсний Номын Сангийн тэргүүн дээд "Ном цом" шагналыг Хэнтийн аймгийн Нийтийн номын санд хүртээв. Мөн МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимээс зохион байгуулдаг Ардын багш Дагвын Чойжилсүрэнгийн нэрэмжит 24 дэх удаагийн “Монгол бичгийн улсын уралдаан”-д шалгарсан шилдэг оролцогчдын шагналыг уламжлал ёсоор гардууллаа.

Нээлтийн ёслолын дараа хүрэлцэн ирсэн зочид Үнэт ховор номын музейд дэглэсэн "Судар бичгийн мэргэд" үзэсгэлэнг үзэж сонирхов. Өнөө жил Судар бичгийн хүрээлэнгийн 105 жилийн ой тохиож буй бөгөөд "Судар бичгийн мэргэд" үзэсгэлэнд хувийн номын сангаасаа 2000 номоор номын сан байгуулж, орчин цагийн номын сан, Үндэсний Номын Сангийн үүсгэлийг тавьсан Судар бичгийн хүрээлэнгийн анхны жинхэнэ гишүүд болох дарга Онход Жамьян гүн, эрдэмтэн нарийн бичгийн дарга Шарайд Жамсраны Цэвээн, Шадар билигт Бат-Очир, Хурц бичээч Дашням гүн болон Европод анх 35 монгол оюутныг суралцуулахаар авч явсан Эрдэнэбатхаан сайд, сул гишүүн Шагж гэвш, хожим Шинжлэх ухааны хүрээлэнгийн дарга болсон сул гишүүн Амар сайд, хүндэт гишүүн Сэцэн чин ван Наянт, сурвалжлагч гишүүн Эрдэнэ жонон ван Ширнэндамдин нарын хөрөг зураг, номын сангийн сан хөмрөгт хадгалагдаж буй тэдэнд холбогдох судар ном, сурвалж бичиг, албан захидал, гар бичмэл, баримт сэлтийг дэлгэн толилуулж байна.

Эрхэм уншигч, бичиг соёлын зүтгэлтнүүд, хэвлэл мэдээллийнхэн Та бүхнийг хүрэлцэн ирж, үзэсгэлэнд саатан морилохыг урьж байна. Үзэсгэлэн 2026 оны 5 дугаар сарын 08-ны өдрийг дуустал үнэ төлбөргүй гарна.


Үндэсний бичиг үсгийн баярын нээлт боллоо  
Үзсэн: 67 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй