
Шинэ Зеланд улс нь аялал жуулчлалын салбараа дэмжиж, эдийн засгаа сэргээх зорилгоор түр ирэгчдийг тухайн улсад аялж байх хугацаандаа цахимаар ажиллах боломжийг олгох шинэ визийн журам танилцууллаа.
Цагаачлал хариуцсан сайд Эрика Стэнфордын мэдээлснээр 2025 оны нэгдүгээр сарын 27-ны өдрөөс түр ирэгчийн визэд шинэ зохицуулалт хэрэгжиж эхлэх бөгөөд хүмүүс Шинэ Зеландад зорчиж байх хугацаандаа цахимаар ажиллах боломжтой болох аж.
Тэрбээр “Энэхүү шинэ журам нь манай улсын аялал жуулчлалын зах зээлийг өргөжүүлэх томоохон алхам бөгөөд бид Шинэ Зеландыг аялж, ажиллахад хамгийн таатай улс болгон хөгжүүлэхийг зорьж байна” гэж онцоллоо.
Шинэ Зеландын эдийн засаг 2024 оны гуравдугаар улиралд уналтад орж, Засгийн газар нь өсөлтийг эрчимжүүлэх арга замыг эрэлхийлж буй. Аялал жуулчлалын салбар нь Ковид-19 цар тахлын үеэр хил хаагдахаас хойш бүрэн сэргэлт аваагүй бөгөөд олон улсаас зочлох зорчигчдын тоог 2019 оны түвшинтэй харьцуулахад 86 хувьтай байна.
Эдийн засгийн өсөлт хариуцсан сайд Никола Уиллис “Засгийн газар энэхүү шинэ журмаар Шинэ Зеландыг дэлхийн авьяаслаг хүмүүсийн цугларах газар байх болно гэдгийг харуулахыг зорьж байна”, мөн “Бид эдгээр хүмүүс болон ажил олгогч нарт ирээдүйд Шинэ Зеландтай хамтран илүү өргөн үйл ажиллагаа явуулах боломжтойг харгалзан үзэхэд дэмжлэг үзүүлнэ гэж найдаж байна” гэж онцоллоо.
Эх сурвалж: ГИХГ
Шинэ Зеланд цахим нүүдэлчдийг татахын тулд түр ирэгчийн визийн журмаа хөнгөвчилж байна | ||
Үзсэн: 562 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.