Шууд Chart

Э.Сэвжидмаа: Уламжлалт өв соёл маань үндсэн чанараа алдаж, танигдахын аргагүй өөчрлөгдөж байгаад нь маш их эмзэглэж явдаг

2026-02-26 09:54:53

Швейцар улсад ажиллаж амьдарч байгаа ятгачин Э. Сэвжидмаатай цахимаар ярилцаж,"Редакцын зочин" буландаа урилаа.

-Ятга хөгжмийг хэзээнээс тоглож эхэлсэн бэ. Энэ талаар яриагаа эхэлье?

-Миний хувьд дөрөвдүгээр ангид байхдаа сургуулийн урлагийн үзлэгээр бага ангийн багш маань хүүхдэд зориулсан модон ксилофон хөгжим дээр “Жигмэд Тогмид хоёр” дууг зааж өгсөн. Дараа нь гэртээ байдаг ээжийнхээ 13 чавхдастай ятга хөгжмөөр нөгөө хүүхдийн дуугаа тоглож үзэн, аяыг нь тааруулж сурсан. Тэр үеэс л ятга хөгжимд улам бүр татагдаж, сонирхон суралцах хүсэл минь төрсөн юм. Дунд ангид ороход сургуулийн дуу хөгжмийн багш Доржсүрэн багш маань надад ёочин хөгжим тоглохыг зааж өгсөн нь хөгжмийн мэдлэг, ур чадварыг минь ахиулсан. Арван жилийн сургуулиа төгсөөд СУИС-д элсэн орж, МУСТА Д. Сэргэлэн багшийн удирдлага дор ятга хөгжмийн барил, тавилыг анхнаас нь мэргэжлийн түвшинд сурч эхэлсэн дээ.

-Хөгжимчин болох сонирхолтой байсан уу?

-Хөгжимчин болно гэж бодож байгаагүй ээ. Арван жилдээ математик, физикийн гүнзгийрүүлсэн ангид сурдаг байсан. Ангийн найзууд маань ихэвчлэн математик, физикийн хичээлээр ЭЕШ өгч, инженер, хуульч, багш зэрэг мэргэжлийг сонгохоор зорьж байлаа. Би ч бас тэдний нэгэн адил ирээдүйд инженер болно гэсэн хүсэл тээж явсан. Харин их сургуулийн хуваарь сонгох үеэр ээж минь хөдөөнөөс ирсэн юм.

Миний ээж урлагт маш их хайртай, энэ чиглэлээр сурч байсан ч эрүүл мэндийн шалтгааны улмаас сургуулиа төгсөж чадаагүй. Тиймээс намайг театрт дагуулж очин, ур чадварын шалгалт өгч үзэхийг ятгасан нь мэргэжлээ сонгоход хамгийн том түлхэц болсон. Намайг бага байхад Монголын радиогоор “Дуу сурах цаг” нэвтрүүлэг гардаг байлаа. Ээж бал, цаас барин дууны үгийг нь тэмдэглэж аваад сурдаг. Би ээжийгээ даган тэр дуунуудыг сурч, дуунд дуртай, урлагт хайртай болж өссөн.

-Сургуулиа төгсөөд мэргэжлээрээ хаана ажилласан бэ?

-СУИС-ийг төгсөөд "Сарны чулуу" чуулгад ажилласан. Дараа нь Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Соёлын төвд хөгжмийн багшаар, “Хан Хэнтий" чуулгад гоцлол хөгжимчнөөр ажилласан. 2021 оноос Сүхбаатар аймгийн "Жаахан шарга" театрын гоцлол хөгжимчнөөр ажиллаж байна. Одоо байгууллагаасаа хүүхэд асрах чөлөө авсан байгаа. Энэ хугацаандаа Швейцар улсыг зорьж ирээд жил орчим болж байна.

-Таны хувьд ятга хөгжмөөр ардын дуу тоглож байгаа бичлэгээ цахим орчинд тогтмол нийтэлдэг. Үзэгч сонсогч хэр хүлээж авч байна вэ?

-“Жаахан шарга" театрт ажилд ороод жил орчим болж байхдаа цахим орчинд эерэг нөлөөлөл үзүүлэх мөн ардын болон хуучны дуунуудыг нийтэд түгээх, өөрийн чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрүүлэх гэх мэт бодолтойгоор анх бичлэг хийхээр төлөвлөсөн. Ингээд өөрийнхөө хувийн мэдээлэлтэй холихгүй, зөвхөн ятга хөгжмийн бичлэг хийх зорилготой “Ayas” гээд фэйсбүүк хуудсыг 2022 оны 9 сарын 4-нд шинээр нээсэн. "Ayas" пэйжийн нэрийг өгөхдөө нилээд ач холбогдол өгсөн. Намайг бүх талаар минь үргэлж дэмждэг хамгийн дотны найзуудтайгаа санаа бодол, зорилгоо хуваалцаж зөвлөлдөөд, оюутан байхдаа багш оюутнууддаа толилуулж байсан “Аясгалан” хэмээх нэрний “Аяс” гэж эхлэлийг сонгосон.

Сонирхуулж хэлэхэд “Аясгалан” гэдэг нь төвд хэлний нийлэмжтэй байдал гэсэн утгатай үг юм билээ. Пэйжээ нээгээд хэсэг хугацаанд идэвхигүй байж байгаад анхны бичлэгээ "Нэг л мэдэхэд уулзана даа" дуугаар эхлүүлсэн. Тэр бичлэг сошиал орчинд чамлахааргүй их хандалт авсан нь үргэлжлүүлэн бичлэг хийх урам зориг өгсөн.

Цахим орчинд байршуулсан бичлэг бүрийн дор эерэг сэтгэгдэл их ирдэг. Мөн тоглолт, арга хэмжээний үеэр тааралдсан хүмүүс “Ayas” пэйжийг мэддэг, хол замд явахдаа дагаж дуулдаг, хуучны дуунуудын үгийг нь бичээд оруулдагт талархаж явдгаа илэрхийлдэг нь маш их урам өгдөг. Хүүхэдтэй болсны дараагаас сошиалд бичлэг байршуулах зай нь холдоод, тогтворгүй байгаа хэдий ч цаашид  “Ayas” фэйсбүүк хуудасаа идэвхитэй хөтлөөд явна гэж бодож байгаа. Энэ дашрамд бидний хуудасыг дагаж, дэмжиж, урам хайрладаг бүх хүнд талархал илэрхийлье.

-Ихэвчлэн ардын дуу тоглож байна уу?

-Ерөнхийдөө ардын болон хуучны дуунуудыг голчлон тоглодог. Хөдөө өвөө, эмээтэйгээ ойр өссөн болохоор тэр үү, ардын дууны үг, аялгуунд их дуртай. Заримдаа үеийнхнээсээ хамгийн олон ардын дуу мэддэг нь ч байж магадгүй гэж бодогддог шүү. /Инээв/

-Мэргэжлээрээ театрт ажиллаж байхад бэрхшээл хэр тулгарч байв?

-Миний ажлын гараа “Сарны чулуу” чуулгаас эхэлсэн. Хамт олны уур амьсгал халуун дулаан, найрсаг байсан учраас онцын бэрхшээл тулгарч байгаагүй. Харин ч чуулгынхаа ах, эгч нараас биеэ хэрхэн зөв авч явах, аливаа зүйлд хариуцлагатай хандах зэрэг хувь хүний хөгжлийн олон чухал чанарыг суралцсан.

-Хөдөө төрж өссөн гэж байна. Хүүхэд насны дурсамжаа хуваалцаач. Хаана төрж, өссөн вэ?

-Би Сүхбаатар аймгийн Баяндэлгэр суманд төрж өссөн. Баяндэлгэр сумын “Алаг үнээт” гэдэг газарт тоглож, наадаж  хүүхэд насаа өнгөрөөсөн. Ээжтэйгээ хамт хонь, ямаа сааж, тугалаа хариулж, хургаа услах гэх мэт ахуйн бүхий л ажилд аав ээждээ туслаж, суралцаж өссөн. Сургуульд ороод сургуулийнхаа дотуур байранд амьдардаг байлаа. Хүүхэд насаа дурсахаар аав ээж, нутаг усаа их санаж байна.

-Анхны уран бүтээлийн талаар?

-Анхны уран бүтээл маань “Совин” гэж аялгуу байгаа. Манай “Жаахан шарга” театрын бүжигчин Л. Ган-Эрдэнэ аяыг нь бичсэн. Маш их хүсч, догдолж, удаан хугацаанд бодож хийсэн анхны минь бүтээл учраас надад их үнэ цэнтэй байдаг.

-Ардын дуунаас өөр дуу ятга хөгжимтэй тоглож байна уу?

-Ер нь ардын дуугаа түлхүү тоглож байгаа. Сүүлийн үед хөгжимчид маань орчин үеийн хөгжмийн урсгал чиглэлийг, уламжлалт тоглох арга барилтай хослуулан шинэ, содон, сайхан бүтээл олноор туурвиж байна. Миний хувьд тэгж чадахгүй байгаадаа өөртөө жаахан урам хугардаг. Ингэж нэг хэвийн байдалтай тоглодог байдлаас больдог юм уу гэж бодож байсан үе бий. Гадаадад ирэхээр хүн их эмоордог юм байна. /Инээв/ Цаашдаа ардын дууныхаа үг аяыг судлаад, суралцаад уламжлалт арга барилыг алдахгүй тоглоод явна гэж бодож байгаа. Сүүлийн үед уламжлалт өв соёл маань үндсэн чанараа алдаж, танигдахын аргагүй өөчрлөгдөж нийгэмд тархаж байгаад нь маш их эмзэглэж явдаг.

-Ятга хөгжим тоглоход хувцаслалт ч бас чухал байх?

-Мэдээж урлагийн хүнд тайзны хувцаслалт хамгийн чухал. Гэхдээ зөвхөн харагдах байдлаас илүү, хөгжимчинд тоглоход саад болохооргүй, биед эвтэйхэн хувцас чухал гэж боддог.

-Та ямар дууг байнга тоглох дуртай бэ?

-Н. Жанцанноров гуайн ятга хөгжмийн нэгдүгээр концертыг тоглох дуртай. Ардын дуунаас “Аргагүй амраг”, “Янжуур тамхи”, “Хөх торгон дээл”, “Дөрвөн уул” гээд нэрлээд байвал олон дуунууд байна.

-Үзэгчдээс “Ийм дуу тоглоод өгөөч” гэсэн санал ирдэг үү?

-Үзэгчдээс байнга санал ирдэг. Санал болгож байгаа дуунуудаас ятга хөгжмийн онцлогт тохирох дуунуудыг сонгож тоглохыг зорьдог. Одоогоор бага насны хүүхэдтэй учраас тэр бүр бичлэг хийх боломж төдийлөн бүрдэхгүй байна.

-Швейцар улсад сурахаар очсон уу?

-Ажиллаж амьдрахаар ирсэн. Яваандаа сурах төлөвлөгөө байгаа.

-Таны амьдралыг юу хөглөдөг вэ?

-Миний амьдралд хөг нэмж, утга учир өгдөг зүйл бол яах аргагүй миний хөгжим, миний мэргэжил. Тайзан дээр зогсож, үзэгчдийн алга ташилт, хайр хүндлэлийг хүртэнэ гэдэг өөрөө асар их хувь заяа, аз завшаан гэж боддог.

-Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?

-Би зүү ороох оёдолоор урлах дуртай. Ингэхээр бодол цэгцэрч, тайвширч, төвлөрч чаддаг. Мэдээж үүнээс гадна аялах, алхах, хөгжим сонсох зэрэг амьдралд үнэ цэнтэй дурсамж бүтээх бүхнийг хийх дуртай.

-Зүү ороох оёдол ажиллагаа ихтэй. Хэзээнээс оёж сурсан бэ?

-Ковидын үед оёж сурсан. Хамгийн анх ээждээ хавтага оёж байсан. Нийтдээ 3-4 хөөрөгний даалин мөн малгайны залаа оёсон.

-Айлын хэд дэх хүүхэд вэ?

-Би аав, ээжийнхээ таван хүүхдийн дөрөв дэх нь. Миний дүү ч бас хөгжимчин. “Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим”-д труба хөгжим тоглодог.

-Дүүтэйгээ хамтарч хөгжим тоглож байсан уу?

-Дүү маань хотод би өөрөө хөдөө орон нутагт байдаг болохоор одоогоор хамтрах нөхцөл бүрдээгүй байна.

-Ойрын зорилго, төлөвлөгөө юу байна вэ?

 -Франц хэл сурах зорилготой байна. Дөрөвдүгээр сард ханьтайгаа болон гэр бүлийн найзуудтайгаа хамтарч монгол соёлын фестиваль зохион байгуулахаар төлөвлөж байна.

-Үндэсний хувцсаар хэр гоёдог вэ?

-Үндэсний хөгжмийн зэмсэг тоглодог болохоор түүнийгээ дагаад үндэсний хувцсаараа байнга гоёдог. Та бүхэнтэй холбогдож, ярилцлага өгч, аав ээж, эх орноо дурсан ярилцах сайхан байлаа. Маш их баярлалаа.

-Найз нөхөд, нөхөрлөлийн талаар ямар бодолтой байдаг вэ.Хүний нутагт байгаа болохоор тэр бүр уулзаж чаддаггүй байх даа?

-Мэдээж хүний амьдралд нөхөрлөл, найзын холбоо маш чухал ач холбогдолтой. Өөрийгөө олохгүй болтлоо төөрсөн үед “чи энд байна” гээд гаргаад ирдэг унаган багын найз охид минь байдаг. Нөхөрлөлийг би тэдэн шигээ үнэнч, халуун дотно, түшиг тулгууртайгаар төсөөлдөг. Эх орноосоо хол байгаа болохоор найз нөхдөө их үгүйлж байна. Эндээ хараахан дотнын найзтай болж амжаагүй ч найз шиг сайхан ах, эгч нартай танилцаж, нөхөрлөөд явж байна даа.

 

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

Э.Сэвжидмаа: Уламжлалт өв соёл маань үндсэн чанараа алдаж, танигдахын аргагүй өөчрлөгдөж байгаад нь маш их эмзэглэж явдаг  
Үзсэн: 269 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй