Монголын Чөлөөт бөхийн холбооны Ерөнхийлөгчийн нэрэмжит "Шилдэг-8" анхдугаар тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 57, 74, 97 кг, эмэгтэйчүүдийн 50, 57, 68 кг-ын жингийн медалийн төлөөх барилдаанууд явагдсан. Энэ удаагийн тэмцээний үеэр дотоодын шилдэг тамирчид эрэгтэй, эмэгтэй тус бүр олимпын 6 жингээр хүч сорьсон.
Олимпын наадамд эх орноо төлөөлж оролцсон төдийгүй Улсын аваргад зургаан удаа түрүүлээд буй ОУХМ Б.Бат-Эрдэнэ, МЧБХ-ны ерөнхийлөгчийн нэрэмжит "Шилдэг-8" дотоодын чансаа өндөр анхдугаар тэмцээний 97 кг-ын жинд түрүүлэв.
Энэ жингийн шилдгүүд болох Азийн наадмын хүрэл, Ази тивийн АШТ-ий хошой хүрэл медальт, ОУХМ Г.Ганхуяг мөнгө, U23 ангиллын Ази тивийн АШТ-ий хошой мөнгөн медальт Т.Дэмчигдорж хүрэл медалийг гардлаа.
ОУХМ Г.Ганхуяг, Т.Дэмчигдорж нарын тухайд, өнөө жилийн Улсын аваргын 97 кг-ын жин дэх алт, мөнгөн медалийн эзэд билээ.
Эрэгтэйчүүдийн 97 кг-ын дүн:
- Б.Бат-Эрдэнэ (Хилчин)
- Г.Ганхуяг (Алдар)
- Т.Дэмчигдорж (Алдар)

МЧБХ-ны ерөнхийлөгчийн нэрэмжит "Шилдэг-8" дотоодын чансаа өндөр анхдугаар тэмцээний 74 кг-ын жинд Ази тивийн АШТ-ий хүрэл медальт, Улсын гурван удаагийн аварга, ОУХМ З.Сумъяабазар түрүүлэв.
Өнөө жилийн Улсын аваргаар сайн барилдаж, энэ жинд өнгөлсөн тамирчид ахин медалийн тавцанд гарсан бол харин ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Азийн наадмын аварга, МУГТ Т.Тулга жин өгсөж барилдаад хүрэл медалийн эзэн боллоо.
Т.Тулга гавьяат өмнө нь 65, 70 кг-ын жинд зодоглож байсан бол энэ удаа 74 кг-ын жинд барилдсан юм.
Эрэгтэйчүүдийн 74 кг-ын дүн:
- З.Сумъяабазар (Хилчин)
- Э.Төгсжаргал (Дархан Хасу FOHOW)
- Т.Тулга (Хүч)
- М.Толуй (Тэх Мөнх)

Сүүлийн хоёр жилийн Улсын аваргаар 61 кг-д хүч сорьсон ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ З.Занабазар, Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгчийн нэрэмжит "Шилдэг-8" анхдугаар тэмцээний 57 кг-ын жинд түрүүллээ.
Өнөө жил энэ жингийн Улсын аваргаас мөнгө, хүрэл медалийг гардсан тамирчдын медалийн өнгө энэ удаад ч мөн давтагдсан юм.
Эрэгтэйчүүдийн 57 кг-ын дүн:
- З.Занабазар (Хилчин)
- М.Даваабанди (Алдар)
- С.Жигүүр (Аварга)
- З.Батмэнд (Алдар)
| ОУХМ Б.Бат-Эрдэнэ жин өгсөж барилдаад аваргаллаа | ||
| Үзсэн: 157 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.