Шууд Chart

Өсвөрийн шатарчдын улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

2026-03-17 08:13:04

Монгол Улсын өсвөрийн шатарчдын 2026 оны улсын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод эхэллээ. Тэмцээнд Монгол Улсын 21 аймаг болон нийслэлээс шалгарсан 1000 орчим тамирчин оролцож, оюун ухаанаа сорин өрсөлдөж байна.

Тэмцээний оролцогчдод Монгол Улсын Ерөнхий сайд, Монголын шатрын холбоо-ны ерөнхийлөгч Г.Занданшатар илгээлт ирүүлжээ. Тэрбээр илгээлтдээ Дэлхийн шатрын холбоо 2026 оны зорилтоо “Шатрыг боловсролд” хэмээн тодорхойлсныг онцолж, Монгол Улсын Засгийн газар шатрын спортыг мэргэжлийн түвшинд хөгжүүлэхийн зэрэгцээ бүх нийтийн спорт болгох, ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт үе шаттайгаар нэвтрүүлэх чиглэлээр ажиллаж байгааг дурдсан байна.

Мөн шатрын спортыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн бодлогыг тууштай дэмжиж, тамирчдыг урамшуулах, олон улсын тэмцээн уралдаанд оролцох боломжийг нэмэгдүүлэх, эх орондоо нэр хүндтэй тэмцээн зохион байгуулах, үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнийг өргөжүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж байгааг тэмдэглэжээ.

Ерөнхий сайд илгээлтдээ, шатрын спортоор хичээллэн оюун ухаанаа хөгжүүлж, тив дэлхийн тамирчидтай эн тэнцүү өрсөлдөн амжилт гаргаж буй хүүхэд багачуудыг онцлон сайшааж, тэднийг дэмжиж, сурган чиглүүлж буй эцэг эх, багш дасгалжуулагч нарт талархал илэрхийлсэн байна.

Энэ удаагийн тэмцээнд олон улсын мастер, ФИДЕ-ийн мастер, дэд мастер болон Монгол Улсын дэд мастер зэрэг цолтой 50 гаруй тамирчин оролцож байгаа нь өрсөлдөөн өндөр болохыг илтгэж байна.

Сүүлийн жилүүдэд Монголын хүүхэд, багачууд шатрын спортоор идэвхтэй хичээллэж, олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцож байна. Тухайлбал, 2025 онд сурагчдын дэлхийн аваргаас хоёр алтан медаль, мөнгө, хүрэл медаль хүртсэн тамирчид тодорсон бол Ази тивийн сурагчдын аварга шалгаруулах тэмцээнээс 14 медаль хүртэж, багийн дүнгээр тэргүүлжээ. Мөн 11 настай хүү шатрын түргэн тоглолтын улсын аварга болсон амжилтыг үзүүлсэн байна.


Өсвөрийн шатарчдын улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ  
Үзсэн: 178 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй