Шууд Chart

Оюутны спортын наадмын нээлтийн ажиллагаа боллоо…

2026-04-07 18:05:48

Монголын оюутны спортын VII наадмын шигшээ тэмцээнүүд энэ оны гуравдугаар 06-наас тавдугаар сарын 08-ны өдрүүдэд болно. Наадмын нээлтийн ажиллагаа өнөөдөр Спортын төв ордонд болж, албан ёсоор эхэллээ. Хоёр жил тутамд нэг удаа болдог тус наадмын шигшээ тэмцээнүүдэд энэ жил 31 их, дээд сургуулийн 2461 тамирчин оролцож байна.

Наадмын бамбарыг Дэлхийн оюутан залуучуудын зуны 32 дугаар Универсиад наадмын жүдо бөхийн тэмцээний 60 кг-н жингийн хүрэл медальт, Монголын Оюутны Спортын 2025 оны шилдэг тамирчин, ҮБТИС-ийн оюутан Түвшинтөрийн Түмэнжаргал ордонд залж, бамбар асаах ёслолыг гүйцэтгэлээ. 

Нийт тамирчдыг төлөөлж “Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмын мөнгөн медальт Монгол Улсын 17 хүртэлх насны волейболын шигшээ багийн ахлагч, “Уурхайчин” клубийн тамирчин, ШУТИС-ийн оюутан Цолмонбаатарын Баасандулам тамирчны тангараг өргөлөө.

Монгол улсын далбааг залах ёслолд Монгол Улсын Их Сургуулийн оюутан Батжаргалын Нямцэцэг (сагсан бөмбөг), Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн оюутан Цоодолын Мөнххэрлэн (хөнгөн атлетик), Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн оюутан Дэлгэрнасангийн Мөнх-Оргил (волейбол), Мон-Алтиус дээд сургуулийн оюутан Ариунжаргалын Хүслэн (гүйлтийн цана) нарын шилдэг тамирчид оролцож, төрийнхөө далбааг мандуулсан байна.

Оюутны спортын наадмыг ССАЖЗЯ болон Боловсролын яам, ЗГХА БТСУХ, Монголын оюутны спортын холбоо их, дээд сургуулиудтай хамтран зохион байгуулж байна. Наадмын өвөл, зуны нийт 14 төрлөөс шалгарсан шилдэг тамирчид ирэх онд болох Дэлхийн Универсиад наадамд оролцох эрхээ авна гэдгийг МОСХ-ны ерөнхийлөгч, Олон улсын оюутны спортын холбооны ерөнхий санхүүч Д.Баясгалан нээлтийн ажиллагаанд хэлсэн үгэндээ онцоллоо.

Дэлхийн Универсиад наадмын хувьд 2027 оны наймдугаар сард зуны наадам БНСУ-д, өвлийн наадам ирэх оны нэгдүгээр сард БНХАУ-ын Чанчун хотод болох хуваарьтай байгаа билээ. 

Монголын оюутны спортын наадам спорт явган аялал, гандбол, волейбол, таеквондо, чирлидинг, чөлөөт бөх, ширээний теннис, модон бөмбөг, хөнгөн атлетик, сагсан бөмбөг, гүйлтийн цана, шатар, футзал, жүдо бөх гэсэн төрлүүдэд шилдгүүдийг тодруулах юм. Одоогоор гүйлтийн цана, ширээний теннис, таеквондогийн спортын төрлүүдэд медалийн эзэд тодроод байна.

Наадам цаашид сар гаруй хугацаанд үргэлжилж, хаалтын үйл ажиллагаа тавдугаар сарын 08-ны өдөр болно. 


Оюутны спортын наадмын нээлтийн ажиллагаа боллоо…  
Үзсэн: 163 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй