БНХАУ-ын Шанхай хотод 4 дүгээр сарын 7-11-нд зохион байгуулсан Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын шатрын багийн аварга шалгаруулах өндөр зэрэглэлийн олон улсын тэмцээнээс Монгол Улсын шигшээ баг хүрэл медаль хүртлээ. 8 дахь удаагаа зохион байгуулж байгаа эл тэмцээнд ОХУ, БНХАУ, Казахстан зэрэг улсын, Дэлхийд данстай шилдэг шатарчид оролцсон.
Энэ удаагийн тэмцээнд 12 орны баг, зохион байгуулагч БНХАУ-ын хоёр багийн хамт нийт 13 баг урилгаар оролцож, А болон Б хэсэгт хуваагдан, рапид төрлөөр (талдаа 15 минут, нүүдэл бүрт 10 секундын нэмэгдэлтэй) өрсөлдсөн байна.
Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд их мастер С.Билгүүн, Гавьяат тамирчин, их мастер Б.Мөнгөнтуул, фиде мастер Э.Баасансүрэн нар багтсан юм. Тэд Б хэсэгт БНХАУ-ын 1-р баг, Казахстан, Египет, Тажикстан, Шри Ланка улсын багуудтай өрсөлджээ.
Манай баг хэсгийн шатанд амжилттай тоглож, Казахстан, Египет зэрэг улсын хүчтэй багуудыг ардаа орхин, БНХАУ-ын 1-р багийн хамтаар шөвгийн дөрөвт шалгарчээ. Хагас шигшээ тоглолтод Монголын баг А хэсгийг тэргүүлсэн ОХУ-ын багтай учраа таарч, хүрэл медалийн төлөө Беларусь улсын багтай тоглож ялалт байгуулсан байна.
Хүрэл медалийн төлөөх эхний тоглолтод 2:1 харьцаагаар ялалт байгуулсан бол хоёр дахь тоглолтод 1:2 харьцаагаар ялагдаж, нийлбэр дүн тэнцсэнээр блиц тоглолтоор шийдвэрлэхээр болсон. Блицийн эхний өрөг 1,5:1,5 оноогоор тэнцэж, шийдвэрлэх сүүлийн өрөгт Монголын баг 2:1 харьцаагаар ялалт байгуулснаар хүрэл медалийн эзэд боллоо.
| Манай шатарчид хүрэл медаль хүртжээ | ||
| Үзсэн: 110 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.