Шууд Chart

Хатант интернэшнл баг Алтан цомын эзэн боллоо

2026-04-20 09:12:18

Монголын Үндэсний бөхийн холбооны Алтан цомын төлөөх цуврал барилдаан амжилттай өндөрлөж дүнгээ гаргалаа. Урьд өмнө болж байгаагүй хамгийн өндөр бай шагналтэй энэхүү барилдаанд үндэсний 8 шилдэг компанийг төлөөлсөн 8 баг уран мэх, авхаалж самбаа, тэсвэр хатуужлаа сорин барилдсанаас Алтан цомын төлөөх шигшээ барилдаанд Хатант интернэшнл ХХК-ийн “Хатант интернэшнл” баг М-Си-Эс, Энержи группийн “М-Си-Эс Энержи” багтай аваргын төлөө өрсөлдсөнөөс “Хатант интернэшнл” баг 14 даваагаар ялж, “Алтан цомын эзэн” боллоо.

Хатант интернэшнл багт улсын заан С.Сүхбат /3/, улсын харцага Б.Зоригтбаатар /3/ улсын харцага О.Мөнх-Эрдэнэ /1/, гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын начин Т.Дүгэрдорж /1/, улсын начин Э.Мөнхжаргал /2/, аймгийн арслан Б.Шаравдорж /3/ нийт 14 даваагаар ялж, аваргын Алтан цомоо өргөсөн бол М-СИ-ЭС Энержи багт улсын арслан Э.Батмагнай /4/, улсын харцага Н.Золбоо /0/, дөрөвдүгээр тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Д.Аззаяа /1/, улсын харцага Ц.Мөнхбаяр /2/, аймгийн хурц арслан Д.Алтанцоож /4/, аймгийн арслан Ц.Төмөрцоож /0/, гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Ч.Алтангэрэл /3/, нийт 11 даваагаар аман хүзүүдлээ.

Мөн уран барилдаант аймгийн цолтнуудын багийн барилдаанд Харцага баг 15 даваагаар ялалт байгууллаа. Харцага багт Аймгийн арслан Б.Бат-Эрдэнэ /4/, аймгийн арслан О.Төрбат /4/, аймгийн арслан М.Баасанжав /4/, аймгийн заан Т.Батсүрэн /2/, аймгийн начин Д.Сумъяабазар /1/ нар нийт 15 даваагаар ялж 5.000.000 төгрөгийн бай шагнал гардсан бол Манлай хүчтэнүүд багт аймгийн хурц арслан Э.Дашдэмбэрэл /3/, аймгийн арслан Э.Буянтогтох /2/, аймгийн арслан Х.Чойжилсүрэн /1/, цэргийн арслан Д.Цэрэнням /3/, аймгийн начин Д.Төгс-Эрдэнэ /1/ нийт 10 даваа авч 1.000.000 төгрөгийн шагнал гардсан юм.

Алтан цомын эзэн “Хатант Интернэшнл” баг шилжин явах Алтан цом, 500.000.000 -ийн хамт гардсан бол хоёрдугаар байрт шалгарсан “М-СИ-ЭС Энержи” баг 250.000.000 төгрөг, гутгаар байрт шалгарсан “Хамаг Монгол” баг 150.000.000 төгрөг, дөтгөөр байрт шалгарсан “АПУ Скайтел” баг 100.000.000 төгрөг, тавдугаар байрт шалгарсан “Од групп” баг 65.000.000 төгрөг, зургаадугаар байрт шалгарсан “Хубилай хаан” баг 60.000.000 төгрөг, долоодугаар байрт шалгарсан “Эв Монгол” баг 50.000.000 төгрөг, наймдугаар байрт шалгарсан “Хүлэгү” баг 50.000.000 төгрөгийн бай шагнал, өргөмжлөлийн хамт тус тус гардсан юм.

Тус барилдаанд хувийн амжилтаар улсын арслан Э.Батмагнай 40 даваагаар тэргүүлж, өргөмжлөл гардсан юм. Мөн тус найман багаас нийгмийн хариуцлагын хүрээнд бай шагналаасаа 75.000.000 төгрөгийг Эх хүүхдийн Эрүүл мэндийн үндэсний төвд хандивлав.

Эх сурвалж: Монголын үндэсний бөхийн холбоо


Хатант интернэшнл баг Алтан цомын эзэн боллоо  
Үзсэн: 170 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй