Шууд Chart

Дээд лигийн 13-р тойргийн тойм…

2026-05-18 13:56:42

Монголын хөлбөмбөгийн холбооны Үндэсний Дээд лигийн тэмцээний 30 жилийн ойн улирлын тойргийн тоглолтууд үргэлжилж байна. Багууд одоогоор 12-13 тоглолт хийгээд байгаа юм. Өнгөрсөн амралтын өдрүүдэд лигийн хүснэгтийн 1, 3-р байрын “Улаанбаатар”, “Хангарьд” багуудын хооронд онцлох тоглолт болохын зэрэгцээ 4, 5-р байрын “Дэрэн”, “Хантерс” багуудын урчаа тун сонирхолтой боллоо.  

 

“ВЕСТЕРН” 6-Р БАЙРАА БАТАТГАЛАА

Лигийн 13-р тойргийг нээж, хүснэгтийн 6, 7-дугаар байрт 2 онооны зөрүүтэй дараалан бичигдэж байсан “Вестерн” болон “Ховдын Хүлэгүүд” багууд тоглосон юм. Энэ тоглолтын эхний гоолыг Б.Бат-Од оруулж, шинэ багийнхаа төлөө сүүлийн 2 тоглолт дараалан нээлтийн гоол бүртгүүллээ. 

Тоглолт 75 дахь минут хүртэл тэнцүүхэн өрсөлдөөнтэй үргэлжилсэн бөгөөд 2:2 харьцаатай байхад “Вестерн” баг төгсгөлийг илүү сайн хийж, сүүлийн 15 минутад 3 гоол оруулан 5:2-р хожлоо. Тэднээс Б.Бат-Од, Н.Наранбаяр энэ өдөр багийнхаа хожилд гол үүрэгтэй байж тус бүр 2 гоол хийсэн бол багийн ахлагч Д.Батболд нэг гоол оруулсан юм. 

С.Буд дасгалжуулагчтай “Вестерн” баг Дээд лигийн эхний улиралдаа одоогоор 14 оноо авсан сайн үзүүлэлттэй байна. “Ховдын Хүлэгүүд” харин тэдний ард 9 оноотойгоор 7-р байрт жагсаж байна. Өөрөөр хэлбэл “Вестерн” баг удаах байрт яваа өрсөлдөгчөө хожиж, 5 онооны илүү болсноор өөрсдийн 6-р байраа бататгаж байна. 

 

АРВАН ХОЖИЛ АВСАН АНХНЫ БАГ “СТАЛЛИОНС” 

“Централ Сталлионс” өмнөх тойрогт “Вестерн” багтай тэнцэж, оноо алдсанаар хүснэгтийн тэргүүн байраа алдаад байсан учраас тэд энэ тойрогт оноо алдах эрхгүй тоглолтыг эхлүүлсэн юм. Тэд энэ тойрогт “Улаангом” багийг 10:0 харьцаатай хожиж, нийт 32 оноотой боллоо. Ингэснээр Дээд лигийн аваргын төлөө хүчтэй өрсөлдөөн үзүүлж буй “Сталлионс” энэ улиралд 10 хожилд хүрсэн анхны баг боллоо.

Багийн ахлагч Ц.Түмэнжаргал энэ тоглолтод 5 гоол оруулж, улиралд нийт 12 гоол оруулсан үзүүлэлттэй болсноор лигийн мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж эхэллээ. Түүний араас З.Тэмүүлэн (Хангарьд), Б.Өсөх-Ирээдүй (Дэрэн) нарын довтлогчид 11 гоолтой удаалж байна. 

Түүнчлэн “Сталлионс” багийн хувьд энэ улирлын хожигдолгүй цувралаа үргэлжлүүлж байна. Дараагийн тойргуудад “Сталлионс” лигийн эхний 5 байрт бичигдэж буй бусад 4 багтайгаа маш чухал тоглолтуудыг хийх хуваарьтай. Өөрөөр хэлбэл тэдний хувьд лигийн жинхэнэ өрсөлдөөн одоо л эхлэх гэж байна. 

 

“УЛААНБААТАР” ТЭРГҮҮН БАЙРАА ХАДГАЛЛАА

Дээд лигийн тэмцээний топ дөрөвт өрсөлдөж байгаа “Улаанбаатар”, “Хангарьд” гэсэн хүчтэй багуудын өрсөлдөөн энэ тойргийн оргил тоглолт байлаа. Багуудын эхний тойргийн учраанд өнгөрсөн намар “Улаанбаатар” баг 3:1 харьцаатай хожиж байсан. Тэд энэ удаад дахин 3:1 харьцаатай хожиж, энэ улирлын 2 учраанд хүчтэй өрсөлдөгчөөсөө бүтэн 6 оноогоо авч чадлаа. Мөн “Хангарьд” багийн сүүлийн 6 тоглолтод дараалан хожоод байсан цувралыг “Нийслэлчүүд” зогсоож байна. 

Багтайгаа эргэн нэгдээд 3 тоглолтод оролцсон ч гоол оруулж чадаагүй байсан Акихиро Сүзүки энэ өдөр тооны харьцааг нээж, улирлын эхний гоолоо маш чухал тоглолтод бүртгүүллээ. Тэрээр 2023 онд багаа аварга болоход чухал үүрэгтэй тоглож, лигийн шилдэг хагас хамгаалагчаар шалгарч байсан амжилттай.

Мөн багийн мэргэн бууч О.Мижиддорж 2 гоол оруулж, улиралд нийт 10 гоол оруулсан үзүүлэлттэй боллоо. Ийнхүү Б.Ганбат дасгалжуулагчтай “Улаанбаатар” баг ийнхүү Дээд лигийн тэмцээний хүрээнд сүүлийн 19 тоглолтод хожигдоогүй үзүүлэлттэй боллоо. Тэд “Централ Сталлионс” багтай адил 22 оноотой, гоолын зөрүүгээр хүснэгтийн тэргүүн байрт жагсаж байна.

“Хангарьд” багийн хувьд хэрвээ хожвол багуудын оноо тэнцэх боломжтой чухал тоглолт байсан юм. Гэсэн ч гарааны хамгаалагч П.Баярцэнгэл, Али Зангир нар болон тулгуурын хагас хамгаалагч Масаёоши нарын чухал тоглогчид нь өмнөх тоглолтод гэмтсэн нь тэдний хамгаалалтын шугамын гол асуудал боллоо.  “Хангарьд” одоогоор 26 оноотой 3-р байрт жагсаж байна. 

 

“ХАНТЕРС” 1:1 “ДЭРЭН”

Үндэсний Дээд лигийн 4, 5 дугаар байрт дараалан бичигдэж байсан “Дэрэн”, “Хантерс” багууд энэ тойрогт учраа таарсан нь тун сонирхолтой учраа байлаа. Багуудын эхний тойргийн учраанд “Дэрэн” баг А.Пүрэвсүрэнгийн гоолоор 1:0 харьцаатай хожиж байсан.  

Энэ удаад “Хантерс” баг хожвол багуудын онооны зөрүүг ердөө 2 болгож ойртуулах боломжтой байв. Харин “Дэрэн” хожвол дээрээ бичигдэж байсан “Хангарьд”-ын энэ тойргийн бүдрэлийг ашиглаж, оноогоор гүйцэх чухал тоглолт байсан юм.

Хариуцлагатай тоглолтод эхнээсээ маш нягт байсан “Дэрэнчүүд” Х.Тэмүүлэнгийн оруулсан гоолоор эцсийн мөч хүртэл 1:0 харьцаатай тэргүүлсэн.

Харин хожигдож явсан “Хантерс”-аас тоглолтын 2-р хагаст 2 тоглогч нь (Г.Тэмүүжин 65’, Б.Улстөр 90+5') улаан хуудас авч хүнд байдалд орсон. Гэсэн ч тэд сүүлийн боломжоороо тэнцээний гоолыг оруулж, тун чухал 1 оноог авч чадлаа. Гоолыг Ж.Мөнхболор булангийн цохилтоос явсан довтолгоогоор оруулж, багтаа маш хэрэгтэй 1 оноог авахын зэрэгцээ “Дэрэн” тэднээс 8 оноо холдох аюулаас аварлаа. Ингэснээр багууд 5 онооны зөрүүтэй хэвээр үлдэж, хүснэгтийн 4, 5-р байрт жагсаж байна. 

  

Дээд лигийн тэмцээний хүснэгт (13 тойргийн дараах байдлаар):

Ирэх 7 хоногт лигийн тэмцээний хүрээнд багууд 2 тоглоно. Улмаар 6-р сарын FIFA Days буюу ОУХБХ-ны шигшээ багуудын өдрүүдийн үеэр "Үндэсний Дээд лиг" түр завсарлана. 

 

Дээд лигийн 14-р тойргийн тоглолтуудын хуваарь:


Дээд лигийн 13-р тойргийн тойм…  
Үзсэн: 108 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй