
Өнгөрөгч бямба гарагт “Тэнгэр плаза” худалдааны төвд “Эрүүл мах-эрүүл хүнс” өдөрлөг зохион байгуулагдлаа. “Эрүүл мал-эрүүл хүнс-эрүүл түүхий эд” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан өдөрлөгт Төв аймгийн Өндөрширээт сумын малчид оролцож, эрүүлжсэн малын махаа зарж борлуулсан юм. Манай улсын хувьд нэг малд жилд долоон төрлийн эмчилгээ хийх ёстой байдаг бөгөөд тэдгээрийг хийгээгүйгээс иргэд эрүүл ахуйн шаардлага хангаагүй мах хүнсэндээ хэрэглэж байна гэж зохион байгуулагчид ярьж байв.
Өдөрлөгийн талаар хөтөлбөрийг хэрэгжүүлэгч Монголын нэгдсэн хувийн мал эмнэлгийн дундын хоршооны тэргүүн Б.Сансар:
-Эрүүлжсэн малын мах гэдгийг яагаад онцлов. Бусад мах худалдаанаас өнөөдрийн өдөрлөгийн онцлог юу байна?
-“Эрүүл мал-эрүүл хүнс-эрүүл түүхий эд” хөтөлбөр Төв аймгийн Өндөрширээт суманд гурван жил хэрэгжиж байна. Хөтөлбөрт нийтдээ 20 орчим мянган мал хамрагдаж, эрүүлжсэн. Хөтөлбөрийн гол зорилго нь нийгмийн эрүүл мэндийг хамгаалах. Манай байгууллага өөрийн гишүүн “Амин нутаг оргил нийгэмлэг” ТББ-аараа дамжуулан энэ хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Бид нийгэмд эрүүл махыг борлуулахад чиглэсэн үйл ажиллагаануудыг шат дараалан зохион байгуулж байна. Тэр дундаа халдварт болон празит өвчний эмчилгээ үйлчилгээг цаг хугацаанд нь хийхээс гадна улсаас хуваарилдаг эм бүтээгдэхүүнийг малд тарьж, эмчилгээ үйлчилгээ үзүүлэх ажлыг хийж ирлээ. Бидний зүгээс малын эмч нарын хийсэн эмчилгээ, үйлчилгээн дээр хяналт тавьдаг. Өнөөдөр энд худалдаалагдаж буй малын махны онцлог бол тухайн малыг нядлахаас өмнө хэн, хэзээ, ямар эмчилгээ хийж байсан болоод хэний малын мах вэ гэдэг нь тодорхой байгаад оршиж байгаа. Малчид өрхийн эрүүл мэндийн дэвтэртэй болсон. Түүн дээрээ тухайн малд хэзээ, ямар эмчилгээ хийснээ нарийн тодорхой бичсэн байгаа. Энэ утгаараа малын эмч эмчилж буй малаа хянах боломжтой болсон. Бусад малчдын хувьд малын махаа борлуулах болохоор малын эмчээс ирж, гарал үүслийн бичиг аваад л болчихдог байсан. Түүн дээр тухайн малыг хамгийн сүүлд хэзээ, ямар эмчилгээ хийсэн гэдэг нь тодорхой бус байдгаас магадгүй хоёр өдрийн өмнө доголосон малаа нядлаад зарж байгаа ч байж болно шүү дээ. Гэтэл малд эмчилгээ хийснээс хойш хоёр хоногт махыг нь идэж болдоггүй. Бусад худалдааны төв дээр худалдаалагдаж байгаа мах наад захын эрүүл ахуйн шаардлага хангаагүй байдаг. Малчид малын эмч гэхээсээ илүү өөрсдөө малаа эмчлээд тэр мал нь эдгэхгүй болохоор хурдан махлаад хэдэн төгрөг болгоё гэдэг. Энэ чинь л нийгмийг аюулд оруулаад байгаа юм.
-Малыг эмчилснээс хойш хэд хоногийн дараа “муулж”, махыг нь хэрэглэх боломжтой байдаг вэ?
-Тус сумынхны хувьд празит өвчний эмчилгээг хамгийн сүүлд хийлгэсэн. Празит өвчний эмчилгээг хүйтэн орохоос өмнө буюу 10 дугаар сарын эхнээс тус сарын 20-ныг хүртэл хийдэг. Өнөөдөр 12 дугаар сарын 20-ний өдөр гэхээр хамгийн сүүлд эмчилгээ хийлгэснээс хойш сар гаруйн хугацаа өнгөрсөн учир эмийн бодис бүрэн гадагшилсан гэж үзэж болно.
-Тухайн хөтөлбөрт хамрагдсан айлын бүх малд эрүүлжүүлэх эмчилгээ хийж байна уу. Эсвэл зарж борлуулах, төхөөрөх малуудыг нь сонгож эрүүлжүүлэх үү?
-Хөтөлбөрт орсон өрхүүдийн бүх малд эрүүлжүүлэх үйлчилгээг үзүүлдэг. Өөрөөр хэлбэл, 300 малтай айл байлаа гэхэд бүгдэнд нь л эмчилгээ хийдэг. Хөтөлбөрийн маань гол зорилго бүх малыг эмчлэхэд чиглэж байгаа. Нэг хэсгийг нь эмчлээд нөгөө хэсгийг нь үлдээхээр бусад малаасаа халдвар авах аюултай. Тиймээс бүгдийг эмчлэх хэрэгтэй л дээ.
-Малд хийдэг эм, тарианы мөнгийг улсаас гаргадаг уу. Эсвэл малчид өөрсдөөсөө гаргадаг юм болов уу?
-Малчид өөрсдөөсөө төлдөг. Тэр утгаараа малын эмчилгээн дээр малчид маш сайн хяналт тавьдаг. Мал эмнэлгүүд малчдаас авсан мөнгөө манайд өгч, бид тэндээс эмч нартаа хөлсийг нь өгдөг. Эм тарианы хувьд нэг үеэ бодвол харьцангуй сонголт өргөнтэй болж. Тэр утгаараа үнэ ханшны хувьд боломжийн гэж хэлж болно. Хамгийн гол нь мэргэжлийн хүнээр, үйлчилгээ хийлгэж байна гэдэг давуу тал юм. Манай малчдын хувьд өөрсдөө эмчлэх гээд байдаг. Гэтэл эмчилгээ үйлчилгээг заавал мэргэжлийн хүн хийх хэрэгтэй.
-Эм тарианы хувьд хэр найдвартай вэ. Өмнө нь хугацаа нь хэтэрсэн, хөлдүү вакцин шахсан гэх мэтээр олон асуудал гарч байсан?
-Эм тарианы хувьд олон улсын чанар, стандартад нийцсэн эм тариаг хэрэглэж байгаа. Үүн дээр ямар нэгэн асуудал гарахгүй гэдэгт итгэж болно.
-Ер нь орон нутагт ажиллаж байгаа малын эмч нар гарал үүслийн бичиг хийж, шаардлагатай үед малыг ариутгаж /байндах/ үйлчилгээ л үзүүлдэг байсан. Харин энэ төсөл хэрэгжсэнээр малын эмч нар нэлээд ажилтай болж, үйл ажиллагаа нь идэвхжиж байгаа юм байна гэж ойлгож болох уу?
-Малын эмч нарт тэр бүр нарийн шинжилгээ, эмчилгээ хийгээд байх боломж бололцоо муу байдаг. Гэхдээ өөрсдийн нөөц бололцоог ашиглан гарал үүслийн бичгийг үйлддэг. Гэхдээ хэзээ эмчилгээ хийсэн эсэх нь тодорхойгүй. Яг үнэндээ хэдэн төгрөг орж ирдэг болохоор гарал үүслийн бичгийг бичиж өгөөд байгаа юм.
Харин манай хөтөлбөрт хамрагдсан малчдын хувьд өрхийн эрүүл мэндийн дэвтэртэй тул ямар эмчилгээг хэзээ хийсэн нь тодорхой, илүү найдвартай гэсэн үг. Тийм учраас малын эмч нарт ч амар болж байгаа юм. Жишээ нь, манай хөтөлбөрт хамрагдсан Сүхбаатар гэх хүн гарал үүслийн бичиг авахаар ирэхдээ өрхийн эрүүл мэндийн дэвтрээ барьж ирээд малаа эрүүлжүүлсэн тэмдэглэгээгээ үзүүлээд бичгээ авч болно гэсэн үг. Ингэхээр хийгдэх ёстой олон нарийн шинжилгээг дахиж авах шаардлагагүй болж байгаа юм.
-Хөтөлбөр Төв аймгийн зарим суманд хэрэгжиж байгаа юм байна. Өөр аймгуудад хэрэгжүүлэх үү?
-Хөвсгөл аймгийн зарим сумдад энэ хөтөлбөр хэрэгжиж байна. Ирэх хавраас Дорнод, Хэнтий аймаг болоод Төв аймгийн зарим сумд орох хүсэлтээ тавьсан байгаа.
Хүнсээ ченжээс биш малчдаас, тариаланчдаас худалдан авах нь найдвартай
“Тэнгэр плаза” худалдааны төвийн гүйцэтгэх захирал Д.Эрдэнэсайхан:
-Манай байгууллага “Амин нутаг оргил нийгэмлэг”-тэй хамтран эрүүлжсэн малын махны үзэсгэлэн худалдааг анх удаа зохион байгуулж байна. Өнөөдөр Өндөрширээт сумаас эхэлж байгаа энэ арга хэмжээнд оролцох хүсэлтээ илэрхийлсэн малчид ээлжээ хүлээж байгаа. “Эрүүл мах-эрүүл хүнс” өдөрлөгөөр иргэдэд хүнсний аюулгүй байдал бүрэн хангагдаж байгааг ойлгуулахыг зорьж байна. Түүнчлэн малчид жилийн дөрвөн улиралд эрүүлжүүлж, эмчилсэн малынхаа аюулгүй махыг иргэдэд өөрсдийн гар дээрээс худалдаалж байна гэдэг давуу тал болж байгаа юм. Удахгүй Төв аймгийн зарим сумд, Хөвсгөл, Завхан аймгууд махаа худалдаална. Мах гэдэг манай иргэдийн хувьд өдөр тутмын хэрэглээ. Хэрэгцээ шаардлага нь үргэлж байж байдаг бүтээгдэхүүн. Тиймээс бид аюулгүй зүйл хэрэглэх хэрэгтэй. Харин өнөөдөр бид ямар мах хүнсэндээ хэрэглэж байна вэ. “Хүчит шонхор” зах дээр худалдаалагдаж байгаа мах эрүүл мэндийн шаардлага хангаагүй, гарал үүслийн бичиггүй байдаг. Тийм махыг худалдан авснаар хүнсний аюулгүй байдал хангагдана гэж байхгүй. Харин манайхаар худалдаалагдаж байгаа мах эрүүл ахуйн бичигтэй, бүр эмчилгээ хийлгэсэн тамга, тэмдэгтэй эрүүл мэндийн дэвтэртэй болохоор санаа зовох зүйлгүй болж байна гэдгийг хэрэглэгчид ойлгох хэрэгтэй. Өнөөдөр манайд худалдаалагдаж байгаа малын мах “Хүчит шонхор” захын өглөөний үнэнээс 300 төгрөгийн зөрүүтэй байгаа. Учир нь манайд борлуулагдаж байгаа мах эрүүлжсэн малын мах болохоор өртөг нь шингэсэн нь тэр юм шүү. Эрүүл ахуй талаасаа бодвол тэр 300 төгрөгөөс болж аюулгүй байдлаа аюулд оруулж болохгүй. Хамгийн гол нь хэрэглэгч эрүүл орчноос, эрүүл хүнс авч хэвшээсэй гэж хүсч байна. Манай байгууллага “Үнэ тогтворжуулах” хөтөлбөрийн хүрээнд энэ онд “Тэнгэр плаза” худалдааны төвийг ашиглалтад оруулсан. Тиймээс манай төвийн гол зорилго нь хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах гэж ойлгож болно. Зорилгынхоо дагуу малчидтай, тариаланчидтай хамтарч ажиллаж байна.
Эрүүл орчноос эрүүл махыг харьцангуй хямд үнээр авлаа
Хан-Уул дүүргийн I хорооны иргэн Б.Баярсайхан:
-Малчид өөрсдийн хариулж, эрүүлжүүлсэн малынхаа махыг худалдаална гэх мэдээллийг би интернетээс олж мэдээд ирлээ. Сүүлийн үед эрүүл хүнсний асуудал их яригдаж байна. Манайд мах худалдаалдаг хамгийн том цэг болох “Хүчит шонхор” захын орчин, нөхцөл нь ямар билээ гэдгээс эхлээд олон асуудал гарч ирдэг. Харин өнөөдрийн худалдаанд эрүүл орчноос, эрүүл малын мах худалдаж авч байна гэдгээрээ их онцлогтой байна. Миний хувьд малын эмч мэргэжилтэй хүн. Тиймээс эрүүлжсэн малын махыг хүнсэндээ хэрэглэхийг эрмэлздэг. Гэхдээ тэр боломж нэлээд хаагдмал л даа. Харин өнөөдрийн худалдааг нүдээ олсон зөв ажил болж байна гэж ойлгож байна. Би өнөөдрийн худалдаанаас үхрийн өрөөл мах авлаа. Үхрийн махаа нэг киллограммыг нь 6000 төгрөгөөр авч байна гэхээр зах зээлийн үнээс харьцангуй доогуур авчихлаа гэж бодлоо.
Малчид энэ хөтөлбөрт хамрагдах дуртай байгаа
Төв аймгийн Өндөрширээт сумын малчин Х.Чойсүрэндулам:
-Бид жилийн дөрвөн улиралд эрүүлжүүлж эмчилгээнд хамруулсан, тарилга туулгыг нь хийлгэж, хот хороонд нь ариутгал хийлгэж хариулсан малын махтайгай ирсэн. Авчирсан махаа “Хүчит шонхор” захын үнээс жаахан өндөр “Тэнгэр плаза” худалдааны төвийн ханшнаас бага үнээр худалдаалж байна. Өмнө малынхаа махыг авчраад захын ченжүүдэд хямд үнээр өгдөг байсан бол өнөөдөр өөрсдийн гар дээрээс стандартын цэвэр нөхцөлд борлуулж байгаа нь ашигтай бөгөөд давуу талтай байгаа. Өнөөдрийн худалдаанд манай сумын 7-8 айл махтай ирсэн. Хүмүүс гарал үүслийн бичигтэй, ямар эмчилгээг хэзээ хийсэн нь тодорхой мах худалдан авах дуртай байх шиг байна. Энэ арга хэмжээ өнөөдрөөр дуусахгүй. Цаашдаа үргэлжилнэ гэдэгт найдаж байна.
Нийслэлчүүдийг эрүүл малын махаар хангана | ||
Үзсэн: 2738 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.